11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан уг наадмыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн наадам нь нийслэлийн 380 жилийн ойтой давхцаж байгаа тул нийслэлийн ЗДТГ-аас санхүүжүүлсэн бөгөөд энэ жил есөн орны 18 кино бүтээлийг үзэгч олонд толилуулах юм байна.
Энэ сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй тус кино наадмын нээлтийн киногоор 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзэгчдэд хүргэлээ. “Улаанбаатар” кино наадмын хөтөлбөр нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форм, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм.
Кино наадмын нээлтийн арга хэмжээнд хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотынхоо түүхт 380 жилийн ойг тохиолдуулан энэ жилийн наадмыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас санхүүжүүлж, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ, Монгол дахь “Гёте” Институт, Австралийн ЭСЯ зэрэг гадаад, дотоодын олон байгууллагатай хамтран өргөн хүрээг хамруулан хийж байгаа нь наадмын цар хүрээг илтгэж байна. Кино урлагийн гайхамшигт ертөнцөөр 7 хоногийн турш аялж, дэлхий дахины орчин үеийн арт хаус киноны шидээвэр бүтээлүүдийг шимтэн үзэж, таалан соёрхохыг та бүхэндээ хүсэн ерөөе” гэлээ.
Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн: “Улаанбаатар” нэртэй кино наадам нь Монгол Улсыг дэлхий дахинд кино урлагаар дамжуулан сурталчилж байна. Оролцож буй олон улсын кино найруулагчдын уран бүтээлүүд их чансаатай бүтээлүүд байна. “Улаанбаатар” кино наадмыг анх зохион байгуулахад нийслэлийн ЗДТГ дэмжин санхүүжүүлж ирсэн, одоо ч мөн энэ наадмыг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа нь нийслэлчүүддээ барьж буй том бэлэг гэж хэлж болно. Кинонд дуртай үзэгч түмэн, кино уран бүтээлчдийнхээ өмнөөс Улаанбаатар хотын ЗДТГ, Нийслэлийн Соёл Урлагийн газрын хамт олонд талархаж байна” гэдгээ илэрхийлсэн.