Тавдугаар төвшний хор хөнөөл, хохирол учруулах эрсдэлтэй Хагибис хар салхины улмаас Чиба мужид нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтэж, бэртсэн байна. Энэ талаар NHK телевиз мэдээллэхдээ "Хар салхи 162 км/ц хүчтэй байсан. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, 750 мянган айл өрх гэрэл цахилгаангүй боллоо" гэжээ. Хар салхины улмаас Чиба, Токио, Канагава мужуудад 45 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Яг одоо хар салхи Хоншю арал руу чиглэж буй бөгөөд нийт 7.6 сая хүн нүүлгэн шилжүүлэх зөвлөмж авсан бол 1.7 сая хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажил эхэлжээ.
Өнөөдөр өглөөнөөс эхлэн ресторан, дэлгүүр, эмийн сангууд хаалгаа барьсан бол үдээс хойш Токио хотын төмөр замын хөдөлгөөн, метро зогсох аж.
Яг одоо Хагибис хар салхи Японы зүүн өмнөд зүгээс чиглэж байна. Одоогийн байдлаар хар салхины төв дэх даралт 935 гектопаскаль байгаа бол хурд нь 45 м/с буюу 162 км/ц, заримдаа 60 м/с буюу 216 км/ц хүрч байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
"Итихара" хотыг дайрсан хар салхины улмаас автомашинуудыг хөмөрч, байшин барилгын дээвэр хуу татагдан, зарим байгууламжийг нурж буй нь камерт бичигджээ.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)