Энэ жилийн хамгийн хүчтэй, хор хөнөөл дагуулсан хар салхиар нэрлэглээд буй Хагибис өнөөдөр Японы зүүн эргээр дайран өнгөрөх гэж байна. Тус хар салхийг АНУ-ын Хар салхины хамтарсан төвөөс тавдугаар түвшний аюул дагуулна хэмээн сэрэмжлүүлж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан ард иргэдийг нуувчиндаа орох, шаардлагагүй тохиолдолд гудамж талбайгаар хэсэхгүй байхыг анхааруулж буй. Хамгийн гол нь хар салхи болох гэж буйтай холбогдуулан Японы зүүн эргийн бүх хүнсний дэлгүүрийн лангуу хоосорсон байна. Түүнчлэн цэвэр усны хомсдол үүсэж байгаа тухайг цахим хуудсаар иргэд мэдээлэх болсон байна. Япон улсаар гадаадын олон жуулчин аялаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Нүүлгэн шилжүүлэлтийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх үүднээс нийгмийн сүлжээ болон ухаалаг гар утасны хавсралтыг гаргахаар төлөвлөжээ. Мөн гадаад хэлний мэдлэгтэй хөтөч нарыг олон улсын томоохон нисэх буудлуудад ажиллуулж байна. Үүний зэрэгцээ улс орон даяарх жуулчдад зориулсан мэдээллийн төвүүдэд нөөц эрчим хүч, ухаалаг гар утас цэнэглэгч зэргийг байгуулжээ. 2018 онд болсон байгалийн гамшгийн үеэр мэдээлэл хомс байсан талаар олон жуулчин гомдол мэдүүлж байсан. Энэ онд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд жуулчдын асуудлуудыг шийдвэрлэхэд тусална гэж Засгийн газар найдаж байгаа аж. Японд болж буй рэгбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн жуулчид, баг тамирчид хэдий нь хар салхины гарз хохирлыг амсаад буй. Үүнтэй холбогдуулан Англи-Франц, Шинэ Зеланд-Италийн тоглолтууд цуцлагдсан бол АНУ, Канад, Франц зэрэг улсаас өөрсдийн иргэдээ аюулгүй газар очихыг тэр дундаа эх орондоо эргэн ирэхийг уриалаад байсан юм. Энэ ч утгаараа цөөнгүй иргэд Японыг орхин явсан.
Мөн Токио хотын Ханеда, Нарита олон улсын нисэх буудлууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Өнөөдрөөс Токиог чиглэсэн болон Токиогоос нисэх 1187 нислэг, 190,000 зорчигчийн нислэгийг цуцлахаар болжээ.
"All Nippon эйрвэйс" 101,000 зорчигчийн 602 нислэгийг цуцалсны 490 нь дотоодын, 112 нь олон улсын нислэг байна. Мөн Japan Airlines-ын дотоодын 513, олон улсын 72 нислэг цуцлагдлаа. Нислэгийн компаниуд байгалийн гамшиг, цаг агаарын онц ноцтой үед цуцлагдсан болон хойшлогдсон нислэгийн төлбөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг анхааруулав.
Агаарын замаас гадна төмөр замын компаниуд үйлчилгээгээ хязгаарлаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Аялагч зорчигчид Токио орчимд авто замаар зорчих боломжтой ч хотын төвд зарим замуудыг хаана гэжээ.
Г.Эрдэнэ