Франц улсын Клермон Ферран хотод Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн энэ өдрүүдэд болж байна. Үзэсгэлэнд манай улсаас ХАА-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож туршлага солилцож байна. Үхэр үржүүлэхэд нэн тохиромжтой бүс нутаг болох Клермон Ферран хот нь махны чиглэлийн үхэр, амтат хиам болон 150 гаруй нэр төрлийн бяслагаараа алдартай юм.
Энэ жилийн үзэсгэлэнг чимж буй зүйл нь "Blonde D Aquaitaine" буюу Акуайтин нутгийн шар үхэр байв. Мөн сүүний чиглэлийн 25 үүлдэр, махны чиглэлийн 22 үүлдэр, өндөр ашиг шимт 1300 үхэр, 26 үүлдрийн 400 хонь, 16 үүлдрийн 400 адуу зэрэг 70 үүлдрийн 2000 толгой шилмэл малыг танилцууллаа. Энэхүү үзэсгэлэнд 35 орны 1500 оролцогч, 95 мянга гаруй үзэгч хүрэлцэн ирж сонирхлоо. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр ХАА-д чиглэсэн 70 салбар хурал, эрчимжсэн мал аж ахуй, үржил селекци, малын үүлдэр угсаа, тэжээлийн чанар, эм зүй, мал эмнэлэг, газар тариалангийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн ирсэн зочдод сонирхолтой байлаа. Үзэсгэлэнгээс онцлон танилцуулж буй "Blonde D Aquaitaine" үүлдэр нь Франц улсад 500 мянган тоо толгой байдаг бөгөөд 16 16 сартай буруу нь гэхэд 550 кг жин хүрдэг байна.
Манай улсаас тус үзэсгэлэнд “хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн төв” ТББ-ын төлөөлөл, ХАА-ын салбарт ажиллаж буй фермер, тариаланчид оролцож, эх орондоо нэвтрүүлж болохуйц шинэ технологи, өндөр ашиг шимт малын үүлдэр угсаа, нутагшуулж болох сортын тэжээл, дэвшилтэт техник технологитой танилцан хамтран ажиллах олон боломж нээгдсэн нь онцлууштай юм.