Шинэ ном
Хүн бүр мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй, зорилготой байдаг. Харин түүндээ хүрэхийн тулд тэмцдэг арга хэлбэр нь өөр. Тэгвэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, амжилтад хүрсэн нэгэн бүсгүйн тухай өгүүлэх “Мөрөөдөгч” ном өнөөдрөөс уншигчдын гар дээр очиж байна. Зохиолч Л.Мөнхчимэг буюу Луужир Жиймий хэмээх уран зохиолын нэрээрээ сүүлийн үед олны танил болоод буй тэрбээр шинэ номоороо уншигчидтайгаа уулзаж байгаа нь энэ. “Мөрөөдөгч” нэртэй номын нээлт өчигдөр “Bookzone” номын дэлгүүрт болсон бөгөөд мөрөөдөлдөө хөтлөгдсөн бүсгүйчүүд түүнтэй санал бодлоо хуваалцлаа. Луужир Жиймийг уншигчид “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” нь андахгүй мэддэг болсон. Хэдхэн сарын өмнө нээлтээ хийж уншигчдыг байлдан дагуулсан дээрх ном мэндэлснээс хойш зургаан сарын дараа түүний зургаа дахь өгүүллэгийн ном “Мөрөөдөгч” нэртэйгээр олны хүртээл болж байна. Шинэ номын гол баатар нь бас л бодит дүр. Өөрөөр хэлбэл, бодит амьдралаас сэдэвлэсэн гэсэн үг. Луужир Жиймий номын нээлтийн үеэр хэлэхдээ “Хүн бүр мөрөөдлийнхөө тууштай тэмцдэг байгаасай. Мөрөөдөлтэй хүн амьдралд хөлөө олоход амархан байдаг. Тиймээс хил хязгааргүйгээр мөрөөд. Эхлээд мөрөөдөлдөө дарлуулж амьдар. Дараа нь мөрөөдлийнхөө амьдралаар жарга” гэж онцоллоо. “Мөрөөдөгч” ном зохиолчийг 150 хоног буюу таван сар дутуу нойртой хонуулсан гэнэ лээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” номоо нээж байжээ. Номын нээлтийн маргаашаас л шинэ номынхоо ажил ханцуй шамлан орсон юм байна. Харин “Мөрөөдөгч”-ийн тухай бичих санаа бүтэн жил орчим түүний дотоод сэтгэлд оршин байсныг номын зохиогч ярилаа. Шинэ ном өнөөдрөөс “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүрээр худалдаанд гарахаас гадна “Bookzone” номын онлайн дэлгүүрт захиалга өгч үнэгүй хүргүүлэх боломжтой аж.