Суданы огцорсон удирдагч, Омар Ал Баширт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад түүнийг амьдарч байсан Ерөнхийлөгчийн ордныхоо өрөөнд олон сая еврог хадгалж байсан, өрөөнд нэвтрэх түлхүүр зөвхөн өөрт нь л байдаг байсан тухай хамгийн сүүлд түүний захиргааны менежерээр ажиллаж байсан нэгэн өнгөрсөн бямба гарагт өгсөн мэдүүлэгтээ дурджээ.
Тэрбээр дээрх хэрэгт гэрчээр оролцож байгаа бөгөөд Баширийн захиргааны менежерээр 2018 оны есдүгээр сараас эхлэн ажиллах хугацаанд өөрөөр нь дамжуулан тус улсын Цэрэгжсэн шуурхай дэмжлэг үзүүлэх хүчний дарга Абдэлрахим Хамдан Дагалод 5 сая еврог өгүүлүүлж байсныг ч мэдүүлсэн байна.
Хууль бусаар их хэмжээний гадаад валют олж авсан, хадгалсан, авлига авсан хэрэгт буруутгагдаад буй Баширийг олон сар үргэлжилсэн тэмцлийн дараа буюу өнгөрөгч 4 дүгээр сард Суданы зэвсэгт хүчнийхэн баривчилж, суудлаас нь буулгасан юм.
Бямба гарагт болсон сонсголын үеэр Башир анх удаа нийтэд хандаж мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр 25 сая ам.долларыг Саудын Арабын Хаант улсын угсаа залгамжлах хан хүү Мухаммед бин Салман болон бусад эх сурвалжаас авсан ч хувийн хэрэгцээнд зориулж хүлээн авч, ашиглаагүйг мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ, “Тэр мөнгийг олон намуудад хувийн хандив өгөх зорилгоор авсан. Үүнд эрүүл мэндийн үйлчилгээ, их сургууль, Лалын шашны телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа, яаралтай шатахууны хангамжын ажил ч хамаарна” гэсэн юм.
Баширт холбогдох хэрэгт хорих ялын дээд хэмжээ буюу 10 жилийн ялыг төлөвлөсөн тухай мэдээлэл байгаа бол дараагийн сонсгол нь есдүгээр сарын 14-ний өдөр болохоор төлөвлөгдөөд байна.
Олон улсын эрүүгийн шүүхээс түүнийг дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутган 2009, 2010 онуудад баривчлах баталгааг гаргаж байжээ.