Болороо хүүгийнхээ уйлах чимээгээр сэрэв. Даарч байна гэж жигтэйхэн. Хүүгээ үнсэхэд жаахан намтгар хамар нь цэв мөс болчихож. Хөнжил орлох нэг муу адялныхаа үзүүрийг хүүгийнхээ хамрыг хүртэл татан хучлаа. Хүү минь удахгүй дулаан орно. Хоёулаа ганц сар тэсэхэд л урьтай залганаа хэмээн зөөлхөн хэлэхдээ хоолой нь аргав. Түүний нулимс дуусчээ. Мянгат малчин Шаравын ганц охин гэж торгонд ороогдон тосонд булхаж, амтатны дээдийг идэн эрхэлж өссөн нь зүүд л байж. Өглөөний нарыг наранд бүү тооц, өсөхийн жаргалыг жаргалд битгий тооц гэж юутай үнэн, ямар гашуун үг болохыг гагц тэр л яс махандаа шингэтэл ойлгож байлаа. Хэдийгээр нутаг усандаа зартай баяны ганц охин байсан ч дэмий эрхэлсэнгүй ухаант аав, ээж нь түүнд амьдрал тоглоом биш гэдгийг өөрсдийнхөө хэмжээнд зааж сургадаг байж.
Хоёр хөгшнөөс нь үлдсэн хоёр алтан бурхан, аавынх нь мөнгөн аяга, хэт хутга, пийсүү соруултай гаанс, хаш хөөргө бас бус овоо үнэд хүрчих бүгдийг яаж өлсөж даарсан ч хоног төөрүүлэх буудалд ч юмуу аяга хоол залгахын тулд зарчихсангүй. Бүгдийг нууж хадгалчихаж. Хэдий их үнэ хүрэхийг нь мэдэж байсан ч аавдаа амин голоосоо хайртай байсан болоод гар хүрч чадсангүй. Сурлагаар онцгойроод сүйд болоогүй ч амьдралын хар ухааныг, юунд ч бууж өгдөггүй шаргуу хөдөлмөрч занг бас л хоёр хөгшинөөсөө аваад үлдэж. Энэ ухаан, хөдөлмөрч зан нь ямар ч үнэт эдлэлээс илүү хэрэг болж амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа.
Хайр дурлал хүнд аз жаргал авч ирдэг. Гуниж, баярлаж бас догдолж хайртай хүнээ хүлээж, аргадаж аргадуулж сэтгэлийн жаргалыг зөвхөн түүнээсээ л эдэлдэг бусуу. Харин Болороод хайр дурлал ирж, ирэхдээ зовлон гуниг хатуу ширүүн амьдралыг л өгч үүнд тэр гомдож цөхөрсөнгүй. Амьдралын хаалга хаагдаж бүх зүйл дууссан мэт санагдах тэр үед өөр нэг хаалга нээгдсэн байдаг буй за. Олон хүн энэ үед өөрийгөө хэнд ч хэрэггүй нэгэн гэдэгт бат итгэн сөхөрч унах нь бий. Харин Болороо өөр нэгэн онгорхой хаалга хайж зүтгэнэ. Тэр хаалгаар өөрөө олж орохыг хүссэнгүй. Зөвхөн улаан нялзрай бяцхан хүүдээ олж өгөх гэж өөрийн биеийг умартан тэмцэж буй нь энэ. Орох оронгүй орцонд хонож яваа өөд нь татаж тусалж дэмжих ойрын төрөлгүй түүнд гэрэлт ирээдүй ердөө ч хол санагдсангүй. Эрэл сурал болж хамаатнаас дутуугүй болсон нутгийн ах дүүтэй уулзахад түүнд туслах хүн зөндөө бий. Гэвч тэрээр хэнээр ч өрөвдүүлэхийг хүссэнгүй. Өөрийн хүнд ачааг хэнтэй ч хувааж үүрэхийг хүссэнгүй. Учир нь тэр сайхан сэтгэлт хүмүүст ч өөрсдийн гэсэн ачаа бий. Түүн дээр нь өөрийнхөөсөө нэмэрлэе гэж үнэндээ бодохгүй байлаа.
Нутаг усандаа нэр хүндтэй сайхан сэтгэлт буурал аав нь бурханы оронд явж Болороогийн ухаан санаа орж гаран энд тэнд гишгэж явахад нь нутагт нь хайгуулын ажил хийж явсан Баатар хэмээн гялалзсан нүдтэй өндөр шар залуу орж гарах болжээ. Эхэндээ түүнийг анзаарахгүй байж. Яван явсаар ээжтэйгээ хоёулаа байсан тэр хоёрт дэм тус болон наана цаана гүйх залууг ирэхгүй ганц нэг хоновол харуулдах гээд байдаг болжээ. Геологич хийдэг санаатай. Юу ч хаяж гээгүй байж юм хайгаад л байдаг тэнэг ажил гэж хүмүүс шоглодог л юм. Гэхдээ миний мэргэжил сайхан гээд инээд алдан ярих сэргэлэн шар залуу сэтгэлд нь нэг л мэдэхэд бүр тухлаад өөрийн орон зайгаа эзлээд авсан байв. Хайр сэтгэлийг кино, ном зохиолоос мэдэх цэвэр ариун явдалт Болороод тэр хайр хүрээд ирж ийш тийш гэж үгээр хэлэхийн аргагүй ичингүйрэл догдлол, хүлээлт, сэтгэлийн жаргал бүгд нийлээд түүнийг ёстой л жаргалын далайд умбуулж түүний дотор хэн ч бичиж нотлож чадахгүй жинхэнэ гайхамшигт симфони эгшиглэн шүргэлэх авай.
Сургууль соёлоор боловсроогүй ч ямар ч хүнтэй таван үг солиод л талыг нь мэддэг хөгшин эх нь нэг удаа түүнд "Миний охин зөв бодолтой хүнтэй л ханилвал сайн сан даа" гэхэд нь Болороо ичих гайхах зэрэгцэн
Ээжээ та юу л яриад байна даа гэж мэдэн будилагчийн дүр эсгэсэнд тэр дүр түүнд үнэндээ зохисонгүй.
Бид 2 шиг хүний мөрөөсөл болсон амьтдад энэ муу хайгуулын хүү их тус болох юм. Сэргэлэн, сайхан ч хүү гэхийг сонсоод гар нь салгалан амьсгаа нь дээрдээд ирэв. Ямар их баярлаж буйгаа мэдэх сөхөөгүй болж орхив. Ухаант эх үгээ үргэлжлүүлэн "Ээж нь буруу зөрүү бодож байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ энэ хүүгийн нүдэнд хий орчихсон харагдаад л байх юм. Юм юмных нь хор гараагүй санагдах юм. Миний охин ээжийнхээ хэлснийг сайн бодож үзээрэй" гээд дахин дуугарсангүй. Түрүүхэн ямар их баярлаж байсан яг түүн шигээ ээждээ гомдож орхив. Мэдээ орсон цагаасаа хойш ээждээ ингэж гомдож байсангүй. Хайртай ээждээ анх удаа гомдож бүтэн өдөржин дуугарсангүй. Тэр Баатарыг өмөөрч хэнтэй ч муудахад бэлэн болсноо сая л ухаарлаа. Ээ алагхан хорвоо минь...
Хүн мөнх настай байж, бурхан хайр сэтгэлийг авмаар байвал мөнх насыг буцааж авна гэхэд нь хүн төрөлхтөн ямар ч эргэлзээгүйгээр сольсон гэх. Мөнх насаар сольсон хайр сэтгэл ямар их үнэтэй гээч. Баатар, Болороо хоёр амьдрах суухдаа тулах тэр санаагаа Болороогийн ээжид битүүхэн ойлгуулсан тэр орой эх нь Болороод ийн хэлэв.Ээж нь чамд хэлдгээ хэлсэн. Бид чиний биеийг төрүүлснээс биш ухааныг чинь төрүүлээгүй. Миний охин одоо өөрийгөө мэдэх болж үзэх ёстой, туулах ёстой замаараа л явж дээ. Мал идээ хөрөнгө биш гэж хуучцуул хэлдэг. Аавынхаа сийрэг ухаанаас жаахан ч гэсэн юм аваа байлгүй гэж л найдаж суухаас. Эцгийнхээ ухаанаас авч үлдсэн бол миний охин алзахгүй ээ. Тэр ухаан чинь жинхэнэ хөрөнгө юм шүү. Дахин дахин хэлж чамд ад болоод юүгхэв. Гэхдээ миний хэлсэн үг орой уруу чинь нэг орох вий. Баатар хүү миний охиныг зодож нүүдээд байхааргүй томоотой. Гэхдээ л нүдэнд нь нэг юм яваад байдаг юм даа. Ээж нь хэлж мэдэхгүй юм хэмээн санаа алдаж цай оочлов. Миний аав ах дүү амьтан гэж байх биш, аав нь амьддаа охиндоо гэр төхөөрч өгнө. Хүний гэрт суучихаад хөөгдөж байснаас өөрийнхөө гэрээс хөөгөөд сууж байсан нь дээр. Ямар ч хүн таараа билээ гэдэгсэн. Хот хүрээ газар мал хэрэг болох биш ээж нь хичнээн жил насалахав. Миний охин ээждээ цайны сүүний ганц хоёр үнээ үлдээгээд арилж даа. Энэ хэдэн малыг чамд л гэж хураасан юм гээд загнах зөвлөхийн хооронд нилээд ярилцжээ.
Улаанбаатар хотын төвд нэгэн сайхан айл голомтоо бадраав. Хурим хийсний маргааш шөнө эх нь Болороод эцгээс нь хадгалж үлдээсэн хоёр алтан бурхан нилээд хэдэн мөнгөн аяга өөрийнхөө эдлэн хэрэглэж байсан хэт хутга, пийсүү соруултай гаанс, хоёр сайхан хөөргө, мөн ээж нь өөрөө хэрэглэж байсан ихэд хуучны хамаг л эдээ өвлүүлээд нутаг буцжээ. Одоо бол энэ бүгд Болороод бий. Тэр хайртай хүндээ үнсэнд хаягдсан шалз мэт хаягдсанаас хойш хэнд ч итгэсэнгүй. Тэр бүгдийг Баатар авах хүсэлтэй байсан ч Болороо даанч халгаасангүйгээр барахгүй банкинд очоод хадгалуулж орхижээ. Үүнээс болж тэр хоёр хэд хэдэн удаа маргаад авч. Түүнийг нэхэх бүрт Баатараа чи бид хоёр хоосон хонох гээд байгаа биш, ямар чи бид хоёроос юм нэхээд байгаа биш дээ. Миний найз нас тогтохын алдад эдэлж хэрэглээрэй. Найзад нь аль аль нь хэрэглэгдэхгүй юм шүү дээ. Ааваас минь үлдсэн болохоор найз нь зарж үрмээргүй байна гээд аргаддаг байжээ. Насан өндөр болсон эх нь тэр жилийн зуднаар хэдэн малаа барсныг Болороо даанч мэдсэнгүй, эх нь түүнд юу ч хэлсэнгүй. Ээжийнх нь бие муу байна гэхийг сонсоод л нүүр нүдгүй шуурсан хаврын тэр орой нутгийн зүг гарчээ. Хайртай эхийх нь бие ихэд доройтож. Өөрийгөө бас энгэрийн ганц мод шиг орь гарцаар үлдэж байгаа охиноо өрөвдөж дотроо эмтэрсээр олон хоног зовсонгүй, тэгээд л тэнгэрийн оронд заларчээ.
Баатарын тар нь танигдаж эхлэв. Залгах бүрт утас нь унтраатай. Болороо муу зүйл огтхон ч бодсонгүй. Зөвхөн түүнд маш их санаа зовж байлаа. Ухаан нь орох гарахын наахнуур энд тэнд гишгэн явсаар ажил явдал дуусч нутагтаа байсаар ачит эхийнхээ 49 хоногийг дуусгав. Гэрт үлдсэн зүйлээс мэдээ орохын л байсан жижиг бор авдрыг үлдээж бусдыг нь ойр байдаг нутгийн ах дүүд тарааж өгөөд буцав. Одоо бол Болороод нутагтаа суух ямар ч бодол байсангүй. Тогоо шиг том болсон гэдсэндээ түүртэн сэтгэл санааны болон бие нь ядаргааны туйл болсон амьтан арай хийж хөлөө чирсээр гэртээ иртэл огт танихгүй хүн хаалга нээв. Тэр танихгүй залуу Болороог сайхан нүдээр харан толгой дохимоор аядаад Та хэнтэй уулзах гээв гэхэд нь би гэртээ ормоор байна гэв.
-Юу яриад байгаа юм. Энэ манай гэр ш дээ гэхэд нь Болороо эргэлзэн өөр орцонд орсон юм байхдаа хэмээн бодоход хүрэв. Гайхан харлаа яах аргагүй гэрийнх нь хаалга мөн. Уучлаарай би хоёр сарын өмнө эндээс гараад л явсан хүн дээ. Юу болоод байгааг ёстой ойлгохгүй байна.
Манайх энэ байрыг худалдаж аваад хоёр сар болох гэж байна даа гэхэд цаанаас нь нэг хүүхэн ирэв. Юу болоод байгаа юм бэ?
Мэдэхгүй ээ. Энэ хүүхэн энэ манай гэр гээд байх юм гэхэд хүүхэн
Бид хоёр энэ байрыг худалдаж авсан. Баатар гэдэг хүнээс гээд
Та ордерийг нь үзэх үү? Бид хоёрын нэр дээр шилжүүлсэн гээд цаашлав. Болороогийн доорх газар цөмрөөд орчих шиг боллоо. Арай ч дээ Баатараа арай ч дээ. Чи яаж байгаа юм бэ гэсэн бодол л орж ирэв. Арай хийн биеэ бариад та хоёрт хүн ирвэл хэлээрэй гээд гэрийн хаяг энэ тэр үлдээгээгүй биз гээд горьдсон харцаар харав. Болороо энэ явдалд итгэхгүй байлаа. Итгэхийг ч хүссэнгүй.
Тэр одоо орь ганцаараа үлджээ. Хэвлий дэх бяцхан үр нь ээжээ би гарах болж байна шүү гэх шиг мурилзан хөдлөв. Болороо уйлсангүй. Яагаад ч юм нулимс нь огт гарсангүй. Гэвч дотроо асгартал уйлж байлаа. Бүр маш ихээр уйлж байв. Төмрийг улайсгаж байгаад давстай усанд ширгээхэд хат суудаг шиг түүний халуун сэтгэл рүү урсах шорвог нулимс бүхэнд зүрх нь эгээ л төмөр шиг хат орж байлаа. Одоо яах вэ. Гүйгээд очих ах дүүгүй орь ганцаараа хаачих вэ? Уул нь нэг л эвээ олчихвол хотод амьдрах арга их дээ хэмээн өөртөйгөө ярив. Ачаагаа задлахад ганцхан хоногийн өмнө Баатараадаа аваачиж өгнө, яасан их дуртай гээч хэмээн ээжийнхээ ажил явдалд ирээгүйд нь гомдож байснаа ч мартчихсан гараа гаргаж хийж байсан хайлмаг гарч ирэв. Идэх гэсэн боловч орсонгүй. Зөвхөн яг энэ мөчөөс энэ орцноос гараад би хаачих вэ гэсэн бодол орж ирнэ. Толгой хорогдох газаргүй халаасандаа гучиадхан мянган төгрөгтэй түүнд огт олигтой санаа орж ирсэнгүй. Юу ч бодолгүй сайхан унтмаар л санагдаж байв.Тэр яс махандаа тултал ядарснаа одоо л мэдэж байлаа. Нам унтья, сайхан амраад авсны дараа нэг арга олно доо гэж өөртэйгөө ярьсаар ойролцоох зочид буудал руу алхав.
Маргааш өглөө сэрэхэд бүх бие нь хөнгөрч хаа ч хүрсэн чадахаар сэргэлэн байв. Дүүргийн цагдаа дээр очиход бүх бичиг баримт чинь нөхрийн чинь нэр дээр байсан байна гэв.
Байр машин гээд л бүгдийг би өөрөө худалдаж авсан гэхэд
Эзэмших эрх нь нөхөр дээр чинь байсан байна. Та хоёр баталгаатай гэр бүл үү? Тийм батлуулсан.
За та тэгвэл архив дээрээс гэр бүл батлуулсан лавлагаа авч ир. Тэгээд өргөдлөө өг.Та ядаж хамтран эзэмшигч байсан бол өөр л дөө. Нөхөр чинь эд хөрөнгөө зөвхөн өөр дээрээ бүгдийг нь бүртгүүлсэн байж дээ гэхэд нь бүр анхнаасаа л бэлтгэлтэй байж гэдгийг нь бүүр түүр ухаарлаа. Ээж нь сэрүүн тунгалаг ахуйдаа нүдэнд нь хий орчихсон, юм юмных нь хор гараагүй энэ тэр гээд байхад нь даанч тоогоогүй нь одоо л толгой руу нь орж байв. Миний охин одоо үзэх ёстой юмаа үзэж, явах ёстой замаараа явах болж дээ гэсэн үг нь түүний чихэнд хангинасаар л явав. Тэр эрс шийдэж эхлэв. Амьдралд ямар зогсолт гэж байх биш нэг л хөдөлсөн бол тэр чигээрээ өнхөрсөөр л дуусдаг хойно. Яг л уулын оройгоос өнхрүүлсэн бул чулуу шиг...Хүлээгээч намайг би жаахан буруу явчихжээ. Ахиад ганцхан удаа эхлэе гэх биш дээ.
Хоёр хацар дээрээ томоос том хонхорхой гаргаад л үргэлж инээж явдаг нүдэнд дулаахан тарган шар хүүхэн хорооллын хэдэн цэнгээний газраар байнга ирж их хотын хийх юмаа олж ядан шөнөжин ууж наргиж суллаж тавьсан лаазыг авна. Тэр зүгээр ирээд авахгүй цэнгээний газар бүрийн гадна талбай бүрийг цэмцийтэл цэвэрлэж орхино. Үүнд нь тэд маш дуртай. Лаазаа зүгээр л гаргаад хаячихдаг байсан бол одоо зөөгч охидууд нь Болороо эгчдээ өгнө өө гээд савлаад бөөгнүүлээд хураачихдаг болжээ. Орцны жижүүр хийж цалингаараа хүнсээ бөөнд нь авч тавьчихаад бүгдийг нь маш нарийн хуваарилж яг нэг сар хүргэхээр жижиг жижиг таслан хадгална. Тэр орцны айлууд Болороод тун элэгсэг хандана. Гэрийнхээ шал туургыг угааж байгаа мэт үнэн сэтгэлээсээ цэвэрлэж арчина. Цалингаасаа илүүчлэн давхар болгоныхоо цонхон дээр цэцэг тарина. Ганц хоёр литр будаг аваад шатаа хээ гаргаж будна. Яг л гэрээ гоёж байгаа эзэгтэй шиг тэр орцыг хачин цэмцгэр байлгана.
Зах дээр явж байгаад нутгийн буурал ахтай таарч тэр хөгшин Болороог дагуулан хотын захын гэр хороолол руу дагуулж гэртээ аваачив. Өвгөн Очир Болороог ажсаар л. Өмссөн хувцас нь хир буртаггүй цэвэр цэмцгэр хэдий ч цаанаа л ядарч яваа нь харагдана. Хөдөө нутгийн хэрэгт дурлаж байгаа мэт боловч ардаа элдэв бодол агуулдаггүй цагаан асуулт асууна.
Миний дүү хаана амьдарч байна.
Нөхөр чинь сайн биз дээ.
Хэзээ төрөх вэ?
Чи ажил хийж байна уу, аль эсвэл оюутан болсон уу гэх мэт асуух бүрт нь Болороо гэмгүйхэн худал зална. Аав ээж нь хөөрхий хүний дээд байсан даа. Олигтой үг ер ярихгүй шинжтэй шүү. Ямар чиг л байсан сайн сайхан яваагүй нь илт юм. Би уул нь аль ч талаа бодсон энэ муу охинд тус болох ёстой хүн дээ гэж өвгөн Очир бодно. Арга ч үгүй юм. Нутаг усандаа нэр хүндтэй баян тарган гэж цоллуулж явсан хүний ганц охин эдэлж хэрэглэсэн өнгөтэй нэг юм өмсөж зүүгээгүй, ихэд хуучирсан хувцастай нилээд ядарсан царайтай явахад хэн ч ингэж бодохоор. Түүнд байгаа хуучны юм гэвэл хоёр хацраа хонхойлгон үргэлж инээмсэглэж явдаг төрх л байна. Өвгөн Очирын эмгэн аав ээжийг нь дурсан залуу зандан насны нөхөрлөлөө дурсан хааяа хөхрөн заримдаа нулимс унаган байж сайхан банштай хийцтэй цай хийж өгснийг нь идэхэд ёстой зад хөлөрч ядаргаа гарах шиг болов. Тэдний хашаанд маш том чингэлэг байхыг харсан Болороо, Очир гуай энэ том кантинер чинь юутай юм бэ? гэхэд өвгөн Очир хоосон хоосон. Манай том банди ноднин жил энд байж байг. Яваандаа хэрэг болно гээд л авчирсан юм. Чамд хэрэг болоо юу? гэхэд нь би тэгвэл хэсэг хугацаанд жаал юм хийе. Дүү нь түүхий эд авдаг юмаа. Тэр маань багтах газаргүй болчихоод гэж хээв нэг хэлэв. Аав ээжийнхээ ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ л худал хэлэв. Хоёр хөгшнийхөө буяныг барчихаад хог түүж явна гэж амьтан ах дүүс ярих вий гэхээс яс нь хавтайна. Хоёр хөгшин ухайн тас ам уралдан тэг тэг хүү минь. Манай хүү мөд авахгүйдэг ээ. Авах дээр нь тулвал ах нь цаадахыг чинь үглэж дуулаад ч болов аваад үлдэнэ. Миний хүү ирж бай л даа. Хэрэг чараг гарвал хэлж ярьж байгаарай гэж ихэд уриалагхан зөвшөөрөв. Очир ахаа би их төвөг болохгүй ээ хагас сар болоод л жаахан юм авчирч хийж байна гээд явахаар завдав. Болороо хураасан лаазаа хийх тун сайхан савтай болсондоо бөөн баяр болж байв. Тэр жижүүр хийдэг байрныхаа даргыг гуйж байж байрны подволд хурааж байсан нь бүр багтаж шингэхээ больж байсан билээ. Тэр оройдоо Болороо өвдөж эхлэв. Хэзээ нэг өдөр өвдөж эмнэлэг бараадана хэмээн бүх зүйлээ базаасан байсан тул тэр огт сандарсангүй. Анх удаа төрөх гэж байж огт мэгдсэнгүй. Хэзээ язааны төрж сурсан олон хүүхдийн эх мэт тайван байлаа. Тэр баярлаж байв. Аав ээжийнхээ удмыг тасалчилгүй хүүхэд төрүүлэх гэж буйдаа маш их баяртай байлаа. Уул нь өөрөө ганц хажуу орцны жижүүр хүүхэнд л найз нь өвдөөд байна. Чи энэ түлхүүрийг СӨХ-н даргад өгөөрэй гэсэн л болохоос огт өөр хүнд дуулгаагүй юм. Тэгтэл бүгд мэдэж орхиж. Орцных нь айл бүрээс хүмүүс гарч ирэн түүнийг хамт явъя гэцгээв. Хоёр давхрын хүн амьтантай тэр бүр дуугараад байдаггүй хямсгар тарган залуу том жиптэйгээ ирж би хүргэж өгье гэхэд нь тэр айх ичих хослон, зүгээр дээ би өөрөө явчихна гэхэд бүгд шуугилдан түүнийг машинд бараг хүчээр шахаж суулгаж нэг давхрын авгай ач охиноо дагуулан хамт явцгаалаа. Одоо тэр уйлж байлаа. Уйлахгүйг хичээсэн боловч нулимс нь зүгээр л урсаад байв. Баатарт гомдоод орох газаргүй гадаа сууж байхад гараагүй нулимс одоо гарч байв. Гомдохоороо бус баярлахаараа илүү их нулимс гардаг аж.
Хүнд дутагдах гачигдах зүйлгүй амьдраад явах ердөө л дөрөвхөн зам бий гэж Болороо боддог.
Нэгдэх зам бол идээд барахгүй баян чинээлэг айлын хүүхэд болж төрөөд алдаж асгаад байлгүй мөрөөрөө амьдрах.
Хоёрдох зам нь бусад хүмүүсээс эрдэм чадал, авъяас билгээрээ ялгарч оюун ухаанаараа хоолоо олж идэх.
Гуравдах зам нь онцгой хөөрхөн бие хаа, царай зүстэй хаанаас нь ч харсан үнэхээр дуу алдам сайхан гоо бол хэн нэгэн хөрөнгөтэй хүнээр тэтгүүлэн насыг элээх.
Дөрөвдэх нь хэн хүний хайрыг татсан ажилч хичээнгүй, ааш зан сайхантай олон хүнтэйгээ явах. Ёстой л хуучцуулын ярьдгаар хүний амандахыг булааж идсэн сайхан хүн байж насаа дуусгах. Ийм л дөрвөн замыг гэж бодно. Тэр ганцаараа биш байжээ. Ажиллаж амьдардаг байрнаас нь хоёр ч хүүхэн төрөх болж явахад хэн ч тэднийг анзаараагүй Гэтэл Болороог өвдөөд явах болоход тэр байрныхан эгээл эгчийгээ дүүгээ явуулж буй мэт хандсанд тэр баярласандаа уйлж байлаа.
Ийм жаахан биенээс энэ их эрч хүч яаж гарч байдаг юм бол гэж бодохоор эцэс төгсгөлгүй ажиллаж байлаа. Арваас хориод бар ресторан цэнгээний газрын гадаа талбайн цасыг шүүрдэх, муу муухай хог новшийг цэгцлэхийн хажуугаар нь хоёр орцыг цэвэрлэж тохижуулах байрныхаа гадаа цэцэгт мандал хийх, мод тарих, эцэст нь нялх үрээ хүн болгох гэж зай завсаргүй ажиллаж байв. Гадаа дулаан цагт хүүгээ холхон шиг байрныхан нь мөнгө цуглуулан бэлэглэсэн хүүхдийн тэргэнд унтуулж орхиод л цэвэрлэж эхэлдэг байв. Хураасан цуглуулсан лааз бүрээ шамшийтал гишгэж байгаад тоолон шуудайлна. Пиг чихэж дүүргээд амыг нь боож гадна бөөрөнд нь хичнээн лааз орсныг нь бичиж давхар тэмдэглэл хөтөлнө. Энэ нягт нямбай занг хоёр буурлаасаа л авч үлдэж. Гурван жил гарангийн нөр их хөдөлмөрийн нөр их хөдөлмөр шүү...Тэр өлсөж байсан, даарч байсан, ганцаардаж бас бас үхмээр ч санагдаж байсан. Гэхдээ бууж өгөөгүй, сөхөрсөнгүй...Гурван жил сөгдөж унатлаа зүтгэсний эцэст 60 тонн ордог аварга том чингэлэг зөвхөн лаазаар дүүрлээ.
Болороогийн мөрөөдөл бас зорилго нь энэ л байсан. Тэмдэглэлээ гаргаж тоолов. 5сая 35800 лааз бөөгнүүлж чаджээ. Гайхамшиг... тэр хөрөнгөтэй болсон байлаа. 1ш лааз арван төгрөгөөр авдаг. Тэр одоо 53 сая 580’000 төгрөгтэй болов.
Хотын төвд Болороогийн цайны газар бий. Тэнд үргэлж хүн шаваастай очер ихтэй. Яг л ээжийнхээ гарын хоолыг идэж цайг нь уусан мэт улаа бутарч инээд алдсан хүмүүс л гарцгаана. Тэр өнөөх л хацар дээрх хонхорхойгоо тодруулан инээмсэглэсээр энгийн даруухан хэвээрээ ажилласаар. Алт эрдэнэ, байр, машин энэ бүгд хөрөнгө биш ажээ. Хөдөлмөрч хичээнгүй зан сайхан сэтгэл, сайхан амьдралын төлөө өчүүхэн ч гуйвалгүй зүтгэж чаддаг тэр гайхамшигт чанар л жинхэнэ хөрөнгө аж. Аавынхаа сийрэг ухаанаас жаахан ч гэсэн юм аваа байлгүй л гэж найдаж суухаас. Эцгийнхээ зан авир, ухаанаас авч үлдсэн бол миний охин алзахгүй ээ хэмээх тэр нэгэн жил ээжийнх нь хэлж байсан дахин сонсдох шиг болов. Амьдрал үргэлжилсээр л ... Амьдрах сайхаан.
Зохиолч Соёлтын Баярсайхан
Сэтгэгдэл (1)