Монголын хамгийн том гэгдэх “Хуур” фестиваль энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болох гэж байна. Уг фестивалийн бэлтгэл ажлыг бүтэн жилийн хугацаанд бэлдсэн бөгөөд зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажлыг сайн хангасан хэмээн онцолж байна. Наадмын эхний өдөр хип хоп урсгалыг монголд хөгжүүлж, залуусыг байлдан дагуулж буй 13 орчим дуучин ая дуугаа өргөж, үдшийг цэнгүүлэх юм. Тухайлбал, О.Баярсайхан буюу Rocket Bay хоёр дахь жилдээ уг наадамд оролцох гэж байна. Түүний “Бор арьст гамп”, “Эвдэрхий хүн”, “Чөтгөрийн пи ар”, “Нэг өдрийн хаан” зэрэг дуунууд залууст хүрчсэн билээ. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.
-Та “Хуур” фестивальд хоёр дахь жилдээ оролцох гэж байна. Энэ наадмын онцлог нь юу юм бол?
-Монголын хамгийн том фестиваль, дээрээс нь хамгийн олон үзэгчтэй гэдгээрээ онцлог. Уран бүтээлчдийн зүгээс амьд хөгжимтэй үед дуугаралтаас их эмээдэг. Тухайлбал, дуугаралт нь хэр цэвэр байна, хүмүүст хэрхэн хүрэх нь чухал. Миний хувьд “ХМF”-ийн анхны фестивальд оролцож байсан. Тухайн үед ажиглахад дуугаралт нь их цэвэрхэн сонсогдож байсан юм. Тиймээс энэ фестивальд орох дуртай байдаг. Мөн уг наадамд Монгол ТВ-ийн хамт олон хамтран ажиллаж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан “Авьяаслаг Монголчууд” шоуны бүхий л дугаарт дэлгэц, найруулгын тал дээр олон жил хамтарч ажилласан тул туршлагатай гэж боддог. Уран бүтээлчийн хувьд дэлгэцэн дээр гарч буй график, тайз засалт, харагдах байдал ихээхэн чухал.
-Ямар ямар уран бүтээлээрээ фэнүүддээ бэлэг барих вэ?
-Би хоёр жил гаруй хугацаанд уран бүтээлээсээ түр хөндийрлөө. Одоо шинэ дуу гаргахаар ажилдаа орсон. Энэ жилийн наадмын хувьд цаг хугацаа нь тулчихсан тул цоо шинэ уран бүтээл дуулах боломжгүй. Тиймээс өмнөх дуунуудынхаа найруулгыг нь өөрчлөх замаар сонирхолтой болгох талаас нь ажиллаж байна. Тухайлбал, “Нэг өдрийн хаан”, “Сахилга сул”, “Бор арьст гамп” зэрэг дуу дуулна.
-“ХМF”-д өмнө нь ямар уран бүтээлээр оролцож байв?
-Өмнө нь шинэ гарсан дөрвөн дуу дуулж байсан. Гэвч хүмүүс мэддэг дуу дуулаагүй гэх шүүмжлэл гарсан учраас энэ жил аль болох мэддэг дуу дуулъя гэж зорьж байна. Наадмын турш 9-10 орчим дуу дуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Уран бүтээлчдэд дууны дугаралт чухал. Шоуны үеэр тухайн үзэгчид хаанаас ч сонссон яг дэргэд нь дуулж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ гэж байна. Энэ нь мэдээж наадмын гол онцлог нь байх?
-Тийм. Энэ жил дуугаралт нь бүр сайжирсан байх гэж бодож байна.
-Дуучин Г.Энэрэлтэй хамтран дуулна гэсэн. Яагаад дээрх олон уран бүтээлчдээс түүнтэй хамтран дуулах болов?
-Анх Г.Энэрэлтэй хамтран дуу хийнэ гэж бодоогүй байсан. Харин бид хоёрт “XMF”-ийн хамт олны зүгээс “Та хоёрын хоолойд таарсан ийм дуу хийж болох юм байна” хэмээн санал тавьж, дэмжиж өгсөн. Энэ дуу нь өөрийн гэсэн сэдэв, онцлогтой юм.
-Г.Энэрэлтэй анх удаа хамтарч дууллаа. Уран бүтээл гаргахад хэр нийцтэй байв. Түүний хувьд хэр сайн хамтрагч гэж бодож байна?
-“Миний хувьд Г.Энэрэлтэй хамт ажиллахад хэцүү байлаа. Надад таалагдаагүй” /хэмээн инээв/. Тоглосон юм. Бид хоёр бараг 30 орчим минутын дотор хоолойгоо биччихсэн. Маш хурдан ажилласан гэж хэлж болно. Энэ дуу фестиваль эхлэхээс өмнө цацагдана.
-Та сая шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн. Энэ жилдээ багтан шинэ цомог гарах болов уу?
-Цомог гаргах арай болоогүй байна. Ямартай ч шинэ уран бүтээл удахгүй гарч эхэлнэ. Оны өмнө 2-3 дуу гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна.
-“Онц дүмд” цуврал залуусын шимтэн үздэг контентуундын нэг. Одоо дараагийн цуврал ихээхэн хүлээлт үүсгэж байна. Уг цувралыг III бүлэг хэзээ хийгдэх вэ?
-“Онц дүмд”-ийн III цувралыг хийх ажил энэ жил түр завсарласан байна. Ямартай ч III цувралыг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)