Хятадад болсон Лекима хар салхины улмаас 22 хүн амь насаа алдаж, 10 хүн сураггүй алга болсон тухай орон нутгийн хэвлэлээс мэдээлсэн байна. Хар салхины улмаас хөрсний гулгалт үүссэнтэй холбогдуулж сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Бямба гарагийн өглөөнөөс ширүүссэн хар салхи Вэнлин, Вэньжоу, Жэжян зэрэг хотуудыг дайрч, 20 сая гаруй хүн амтай Шанхай хотод хүрэх магадлалтай байгааг мөн мэдээлжээ. Шуургатай хамт аадар бороо цутгаж байгалийн болон үерийн далангууд задарч, хот, суурингууд үерт автсан байна.
Үүнээс үүдэж Хятадад 1000 гаруй агаарын нислэг болон галт тэрэгний хуваарь цуцлагджээ. "Энэхүү гамшиг ихэвчлэн хот, суурингийн бүсийг хамраад байгаа ба нам дор газар болж байгаа юм. Хэрэв уулархаг бүсэд үер болж доош буувал ноцтой аюул учирч мэднэ" хэмээн Нинбо хотын аврах ангийн дарга Фу Сонглян хэлсэн байна.
Одоогийн байдлаар Шанхай хотод 250 мянга, Жэжян хотод 850 мянга орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Хар салхины улмаас энэ бүсийн 2.7 сая айл цахилгаангүй болжээ. Энэхүү хар салхи нь Хятадад энэ жил тохиож буй ес дэх хар салхи гэнэ.
Г.Эрхэс