Японы парламентын сонгуульд анх удаагаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн парламентын гишүүнээр сонгогдсон нь түүхэнд бичигдлээ.
Парламентийн шинэ гишүүнээр сонгогдсон Ясүхико Фүнаго, Эйко Кимүра нар өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр парламентын дээд танхимын анхны чуулганд оролцсон юм. Өдгөө 61 настай Фүнаго нь 2000 онд “ALS” хэмээх мэдрэлийн өвчин тусч булчингууд нь ажиллахаа больж, хөдөлж, ярьж чадахаа больсон байна. Асрагчтайгаа харьцахдаа нүдээ хөдөлгөж ойлголцдог. Мөн амны хөдөлгөөнөөрөө компьютер удирдаж санаагаа бусдад ойлгуулдаг юм байна.
Харин 54 настай Кимүрагийн хувьд баруун гараас бусад хүзүүнээс доош бүх бие нь мэдээгүй. Японы парламентын зүгээс шинэ гишүүдийнхээ асрагч нарын цалинг төлж, чуулганы танхимын хоёр суудал болон парламентын ордны үүд, шат зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан өөрчилжээ. Ташрамд сонирхуулахад, Япон Улсад 9.63 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдардаг бөгөөд тэдний нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэхэд Фүнаго, Кимүра нарын оролцоо чухал гэдгийг Эзэн хаан онцолжээ.