ОХУ-ын Сибирийн бүс нутгийн ой түймэрт өртөж, олон мянган га талбай шатаад байна. Тодруулбал, тус бүс нутагт жилийн өдийд гал түймэр гарах нь элбэг байдаг юм байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү их ой шатсан байна. Учир нь холбогдох байгууллагаас түймрийг унтраахад шаардлагатай арга хэмжээг аваагүйгээс гадна үүнд зарцуулах хөрөнгө хангалттай бус байгаа нь ийм нөхцөл байдалд хүргэсэн талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Тэгвэл шатаж буй ой хээрийн түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг “NASA” хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлжээ. Энэ жилийн хувьд түймэр илүү өргөн талбайд тархаж байгааг хиймэл дагуулын зураг харуулж байна. Хиймэл дагуулын зурагнаас манай улсын Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрснийг харуулжээ.
Мөн түймрийн утаа Сибирь, Алс Дорнод цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулжээ. Түймрийн утаа энэ сарын 31-ний дотор АНУ-д хүрэх төлөвтэй байгаа аж
Түймрийн утаанд нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрстөрөгчийн давхар исэл, нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн давхар исэл, азотын исэл, бензол зэрэг олон төрлийн химийн хорт бодис агуулагддаг байна.Энэ нь хүний эрүүл мэндэд ялангуяа хүүхэд, ахмад настнуудад ихээхэн сөрөг нөлөөтэйг анхааруулж байна.
Эх сурвалж: NASA