ОХУ-д ирэх есдүгээр сард болох сонгуульд сөрөг хүчнийг бүртгээгүй нь шударга бус явдал боллоо хэмээн оросын ард түмэн шүүмжилсээр байна. Тэгвэл энэ сарын 27-нд 3500 гаруй жагсагч оролцсон жагсаал болсон бөгөөд энэ үеэр 1000 иргэнийг баривчилсан байна.
Тодруулбал, Москва хотын сонгуулийн хороо хотын зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн 233 нэр дэвшигчийг бүртгэж, 57 хүнийг бүртгэхээс татгалзсан юм. Учир нь уг сонгуульд нэр дэвшихийн тулд тодорхой тооны иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой байдаг. Гэтэл сөрөг хүчний төлөөлөгчид болох Иван Жданов, Любовь Соболь, Дмитрий Гудков, Илья Яшин нарын цуглуулсан гарын үсгийн заримыг хуурамч гэж Сонгуулийн хороо үзсэн байна. Нэрээ бүртгүүлж чадаагүй сөрөг хүчний нэр дэвшигчид энэ жагсаал цуглаанд оролцсон бөгөөд тэд ч бас баривчлагджээ. Яг энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэнгисийн ёроолд шумбаж, дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн Зөвлөлтийн шумбагч хөлгийн багт хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр “С-Explorer 3.11” шумбагчаар Балтийн тэнгисийн 50 метрийн гүнд шумбасан байна.