Сүхбаатар аймаг нь зураач, урчууд хийгээд үe дамжсан уран дархчуудаараа алдартай билээ. Тухайлбал, Монголын орчин цагийн дүрслэх урлагийг үндэслэгчдын нэг Ардын зураач Д.Амгаланаас эхлээд МУУГЗ уран барималч Д.Дандимаа, Х.Цэгмэд, зураач Я.Оюунчимэг, Дарьгангын алдарт дархан Балдан-осор, Зундуй гээд нутаг усныхаа нэрийг дуурсгасан олон арван авьяастан энэ нутгийн бахархал нь юм. Тус нутгаас төрөн гарсан уран бүтээлийн баялаг түүх намтартай, өвөг дээдэсийнхээ өвийг өнөө цагт тээн уламжилсаар ирсэн авьяаслаг зураач, урчуудын "Тал нутгийн өнгө" уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 29-ны өдрийн 16.30 цагт нээлтээ хийх гэж байна.
Энэхүү үзэсгэлэнд ахмад зураач МУЭ-ийн гишүүн Ё.Бадарч, Б.Гантулга, Б.Буд Я.Адьяа, Ц.Болд, уран дархан Ш.Даваадорж, Баатарчулуун болон залуу үeийн төлөөлөл болох МУСГЗ Ц.Энхтайван, МУЭ-ийн шагналт зураач М.Эрдэнэбаяр, Д.Булгантуяа, Б.Батзориг Н.Амарсайхан, уран барималч А.Очирболд зэрэг 40 орчим уран бүтээлчид оролцоно. Уг үзэсгэлэнд эдгээр уран бүтээлчдийн уран зураг, уран баримал, монгол зураг, уран сийлбэр, уран дархан, уран бичиг, чимэглэх урлагийн төрлөөр бүтээсэн 60 орчим бүтээл тавигдах ажээ. Сүхбаатар аймгийн уран бүтээлчид 2011 онд аймгийн соёл урлагийн өдрүүдээр нийслэлд хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан. Түүнээс хойш 8 жилийн дараа Сүхбаатар аймгийн зураачдын үзэсгэлэн дэлгэгдэх гэж буй нь энэ юм. Энэ сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 6-ныг хүртэл олны хүртээл болох уг үзэсгэлэнгийн нээлтийн үeэр МУУГЗ яруу найрагч Ай.Төмөр-Очирын шинэ уран бүтээл болох "Морин шуурга" номын нээлт мөн болох юм байна.