Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн "Хүрэн морь" найраглалыг толилуулж байна. Ч.Лхамсүрэн нь 1917 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолч. Дөчөөд онд худалдааны сургууль, 1965 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгссөн. Тэрбээр 1938 оноос уран зохиол бичиж, 40 шахам ном түүвэр хэвлүүлжээ. Түүний олон зохиол нь ЗХУ-ын Орос болон бусад хэлэнд орчуулагдан хэвлэгдсэн. Яруу найргийн бүтээлүүд нь ардын аман зохиол дээр үндэслэгдсэн байдаг бөгөөд бичсэн олон шүлэг нь ард түмний дунд түгээмэл дуунууд болсон байна.
1962 онд “Хүрэн морь” найраглал", "Маамуу нааш ир” шүлгээрээ Төрийн шагнал, 1979 онд Хөдөлмөрийн тухай шүлэг найраглалаар МЗЭ-ийн шагнал авч байжээ.
"Хүрэн морь" найраглал
Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн vvлсийн
Сугыг нэвт шагайж
Урваж хөрвөж байгаа
Хурын бараан vvлийг
Улбар шар өнгөөр
Хувиргаж сайхан чимлээ.
Сvрэг тарган адуу
Суурь билчээрээ солиход
Сvvлд нь явсан хvрэн
Сугарч хойно нь хоцроод
Сургаж өгсөн эзнийхээ
Сургийг сонсох гэсэн шиг
Сухай улаан өнгөөр
Суниаж байгаа нарыг
Эгцэлж нэг хараад
Эргэж нэг унгалдав.
Дасаж байсан сvргээсээ
Тасарч vлдсэн хvрэн
Талын зөөлөн хөрсөн дээр
Тавтай хэд хөрвөөгөөд
Танхил биеийнхээ шороог
Дахин шилгээж унагаад
Өргөн замаа vнэрлэж
Өтгөн сvvлээ сөхөж
Yvлтэй тэнгэрийн доогуур
Хөвөн нисэх адил
Yзvvртэй модны дээгvvр
Харайн дэгдэх адил
Хур дэлээ хийсгэж
Хурдан шөрмөсөө чангалж
Тоосоороо тоглон бусгаж
Торойтол ганцаараа тасарчээ.
Ганц хvрэн морь
Гарсан оройгоос эхлэн
Зvйрлэшгvй санасан нутгийнхаа
Зvг чигийг алдалгvй
Зvсэрсэн ширvvн бороог
Зvсэж сөрөн явахдаа
Байцат өндөр хэцийг
Бардаж давж гарахдаа
Бартаат талын арвиныг
Бахдаж давхин өнгөрөхдөө
Өдрийн халуун наранд
Өл залган амарсаар
Шөнийн бор хоногт
Сvvдрээ дагуулан гvйсээр
Бvтэн гурван өдөр амарч
Бvхэл гурван шөнө явжээ.
Дөрөв дэх шөнөдөө тэр
Дөхөх гvйдэлдээ ороод
Дөт замаар дагасаар
Дөрвөлжин шар дөрөлжийг
Дөнгөж даваад иртэл
Дөхмийн чоно тааралдав.
Хонгор нутгаа vгvйлж
Хол өнцгөөс гvйсэн
Хvрэн морины урдуур
Хөндий цөлийн араатан
Зэвхий муухай чононууд
Зэллэж хошууран ирлээ.
Хээрийн зэрлэг араатан
Хэдийн дайралдсан боловч
Хэтийн их зорилгоос
Хэрхэвч хойш ухарсангvй
"Өнгө бvрийн тотгороос
Өөрийн зорилгоор салсан сан.
Өвч тураг бие минь
Өстөн хортонд бариулах нь уу?
Өлөн чононд хөөгдсөн ч
Өлгий нутагтаа дөхье
Өлсгөлөн махчинд ээрэгдсэн ч
Өнөр ижилдээ ойртъё.
Хурдан сайн удамтай билээ
Хурц дөрвөн туурайтай билээ
Хуй шиг хийсээд гаръя
Хулан шиг дайраад vзье"
Хvрэн морь ч ухасхийв
Хөөсөн "ноход" ч өртөөлөв.
Халдаад ирсний нь
Хавиргыг өшиглөж
Дахиад ирсний нь
Тархийг чавчсаар
Хvрэн морь ч
Сугарахаараа сугарав
Хөнөөлт саарлууд ч
Сунахаараа сунав.
Эгзгэлсэн санааны хvчээр
Эрсэлсэн хөлийн хурдаар
Хоол эрж гурингадсан
Ховдог муухай араатны
Хомхой аманд оролгvй
Хорт соёонд өртөлгvй
Байдаг чадлаа шавхаж
Баахан хэсэг явтал
Голын ус шуугиж
Хоточ нохой хуцлаа
Аргалын утаа vнэртэж
Айлын бараа харагдлаа.
Нохойн чимээ аваад
Ноцсон галыг vзээд
Хөндийн бузар араатан
Хөөхөө болиод хоцров.
Харагдсан айлыг чиглэж
Хар эрчээрээ давхисаар
Тооноороо оч vсэргэсэн
Том гэрийн гадаа
Хөөгдөж туйлдсан хvрэн
Хvрч ирээд зогсов.
Гэнэтийн энэ чимээгээр
Гэрийн эзэн гарвал:
Уяатай морины нь дэргэд
Урт өтгөн сvvлтэй
Уудам өргөн хондлойтой
Хvч тэвээрэг муутай
Хvрэн зээрд зvстэй
Хvлэг сайн морь
Хөлс нь дуслаад зогслоо.
Атар хээр газар
Аюулт дайсантай тулгараад
Бvрхэг шөнийн хэцvvд
Бvдрэн сандран давхисаар
Айлын гадаа ирээд
Амьсгаа дарж байхдаа
Гэрийн эзний бvтэлгvйг
Гэнэдсэн хvрэн мэдсэнгvй.
Хvрэн морийг илбэсээр
Хөлд нь эвтэйхэн суугаад
Гурамсан хар чөдрөөр
Гурван хөлий нь баглав.
Ургаа хадны дундаас
Ундрах булгийн эхнээс
Урсаж байгаа голыг
Уулын чулуугаар боох шиг
Уйтгарт бэрхийн дундаас
Урьхан нутгаа санасан
Унаган зvст хvрний
Урт замыг таслаад
Барьж унасан хvн
Бачилж эдлэх талаар
Бадарч ламын зовоохоос
Багагvй илvv болжээ
Эмээллэж унадаг морьдын
Ээлж солиог хийе.
Энгvй хол газраас
Эх нутагтаа гvйсэн
Энэ морины хойноос
Эзэн ирж магадгvй
Эрэлцэн суралцан ирээд
Эрхэм морио авбал
Олзонд дуртай надад
Онц ашиг болохгvй.
Хэд хоног боловч
Хэрэг ажлаа бvтээе гэж
Шинэхэн тэр эзэн
Шийдэж дотроо бодоод
Хошуу нутаг дамжиж
Худалдаа наймаа хийхээр
Хол ойргvй хэсэж
Хонжоо олз олохоор
Хvрэн морийг унаад
Хөрш хошуунд явжээ.
Мөнх алтайн оройгоор
Мөнгөн цас цайрч байвч
Мөрөн голын хөвөөгөөр
Мөчирт мод ургаж байвч
Урт арвин хангайг минь
Уйлах дуу цуурайтуулж
Уудам монгол нутгий маань
Уулгалсан дайсан тvйвээгээд
Дайн тэмцлийн утаа манарсан
Дажин самууны хөл vймсэн
Хvнд бэрх vе байлаа
Гvжир хатуу цаг байлаа.
Хvйс тэмтрэхийг зорьсон
Хvй олон дайсныг
Хvчирхэг монгол хvмvvс
Хvчээ гарган тэмцээд
Ган сэлмийн ирээр
Гал оч vсэргэж
Гайхамшигт их нэгдлээр
Гарамгай зоригтой тулахад
Галзуу харгис цэрэг
Газар сайгvй бужигнаж
Замд тохиолдсон бvхнийг
Зандалчны ёсоор сvйтгэж
Өмнөө уулзсан бvхнийг
Өөрийн дураар дарлаж байлаа.
Хvсэл нь ханадаггvй панзчин
Хvрэн морийг унаж
Хvрээ хөдөөгvй тэнэж
Хvн ардыг шулаад
Аймаг хошуу сvлжиж
Ашиг хайж явсаар
Хорон санаат дайсны
Хоморгонд орж баригдаад
Харийн хэрцгий ноёны
Хажууд нь очиж мөргөв.
"Утсан улаан амий минь
Уучилж хайрла, ноён минь.
Унасан морио эмээлтэй нь
Урд чинь авчирч өгье
Авч яваа юмаа би
Айлтгаж таньд барья" гэж
Дахин дахин гуйгаад
Дальдарч мөргөн уйлаад
Хvvрийн төдий биеэ
Хvрэн мориор авруулав.
Халх монгол нутагт
Хатуу тэмцэлтэй байхад
Гараас минь сvрддэг хvн
Ганц энэ л байж гэж
Авилгачин ноён бодоод
Аймхай мууд хэлсэн нь:
"Ар монгол нутаг
Алган дор минь байна
Алтан дэлхийн шороо
Хөл дор минь байна.
Адгийн муу чамайг
Алаад би яах вэ,
Хэлсэн vгий минь дагаж
Хэрэг ажилд минь оролц!
Зовлого арьс болсон ч
Золбоотой морь байна
Тарга хvч муутай ч
Тал туулах хvлэг байна" гэв.
Ихэмсэг ламд булаагдаж
Ижил ханиасаа хөндийрөөд
Жороо хvрэн морь
Зохистой заяа vзсэнгvй.
Хэн нэгний гар дамжсан
Хиртэй халтар хадаг шиг
Хvрэн зээрд морь
Хvйтэн гарыг дамжсаар
Хvний амины золио болж
Хөнөөлт дайсны унаа болов.
Хартан хортны гарт
Хамрагдан орсон боловч
Ган дөрвөн туурайгаар
Хөрст газрыг онгилж
Гайхам их хvчээрээ
Хөнөөлт дайсанд тусалж
Буруу элэгтний зоргоор
Буурал нутгаа бусниулж
Буман олноо сөнөөх
Бузар хэрэгт оролцсонгvй.
Хvн хvний мэдэлд
Хvлээстэй зовлон эдэлсээр
Залуу хvрэн морины
Зан ааш нь хувираад
Хавьтаж талхисан хvн
Хамаагvй ширvvн оролдвол
Хайрч өшиглөдөг болжээ
Хажиглаж хаздаг болжээ.
Морь эдэлж сураагvй
Онгироо сагсуу ноён
Мулгуу тэнэг хvчээр
Олмы нь гэнэт чангалтал
Танхай балмад тvvний
Тарган махлаг мөрийг
Тавхийтэл vмхээд
Тасхийтэл шувтрав.
Хvvршсэн хувцасны цаанаас
Хvрэн цус нь нэвтрээд
Яс махандаа хадтал
Янгинаж сvрхий өвдөхөд
Харааж орилсон дайсан
Хуйт хутгаа сугалаад
Хvрэн морины гуяа уруу
Хvчтэй гэгч нь дvрэв.
Хутга шаалгасан морь
Гуяа өвдөхийн эрхэнд
Зөрvvлж нэг хазаад
Зөрж нэг өшиглөөд
Шудран дайрч алдууран
Шууд давхиад оджээ.
Завсрын дайсанд эдлэгдээд
Замын шороонд дарагдаад
Зан ааш нь хувирсан
Зандан хvрэн морь
Яагаад ийм болсныг
Ярьж өгөх vv би,
Ардын хvvгийн зориг хурц
Адуун сvргийн туурай хурц
Эр хvний намтар элбэг
Эмээлт морины домог баялаг.
Элбэг намтрын нэгнээс
Эвлvvлж та нартаа хэлье
Баялаг домгийн нэгнээс
Бахдуулж та нартаа хэлье.
Ардын засаг мандах
Сайн цагийн тvрvvнд
Аюулт дайсан сөнөх
Самуун цагийн эцэст
Баруун нэгэн хошууны
Баян ноёны зарц хvv
Ачит эхтэйгээ хамт
Амьдран суудаг байжээ.
Нарны гэрэл нэвтэрсэн
Навсгар хар бvрээстэй
Сарны туяа орсон
Салбагар уранхай vvдтэй
Ширvvн салхинд тэсдэггvй
Шидэмсэн муу бvслvvртэй,
Ийм нэгэн гэрээс өөр
Илvv гарах хогшилгvй
Айлын хонь дагасан
Арван ямаанаас өөр
Ахиад тоолох малгvй
Хvний адуу бараадсан
Хvрэн мориноос өөр
Хvлэглэж унах унаагvй
Хөл нvцгэн ядуу байжээ.
Ганц модон ташуураас өөр юмгvй
Гар хоосон зvдvv байжээ.
Унадаг хvрэн морины нь
Уг байдлыг дурдвал:
Ширээ сайхан нуруутай
Ширvvн цацган сvvлтэй
Шингэн мяндас дэлтэй
Шигшмэл хvрэн зvстэй...
Хурц дөрвөн туурайдаа
Хурдны удам хадгалсан
Соргог алхан толгойдоо
Эрдэнийн чанар бадруулж
Содон цагаан сарандаа
Эгэл тэмдэг тодруулжээ.
Энгvй өргөн нуруунд нь
Эмээл тохоод мордоход
Уул шиг өндөр зоотой
Усан тэлмэн жороотой
Адуун сvргийн манлай болсон
Аавын хvvгийн нөхөр болсон
Алдартай сайн морь байжээ
Аагтай хурдан хvлэг болжээ.
Зузаан vvлний хур
Зуур зуур ороод
Зулзаган нялх мод
Зуун тийшээ дэлгэрээд
Навч цэцэг дэлгэрдэг
Нарны элч халаадаг
Зугаа цэнгэл бадарсан
Зуны эхэн сард
Ардын ядуу хvvгийн
Амраг хайртай ээжийн
Ариун нандин биед
Аюулт өвчин хvрчээ.
Харц бор хvv
Хайртай залуу эхийнхээ
Янтай өвчний уршгийг
Яавал арилгах вэ гэж
Янз бvрээр бодовч
Ямар ч тусыг олсонгvй.
Дэмий гайхаш тасрахдаа
Дэргэдэх айлдаа ороод
Баян эзэндээ бараалхаж
Байдал учраа гаргаад
Төрvvлсэн ганц эхий минь
Тvргэн эдгэрvvлж болох
Арга чарга байна уу? гэж
Арай ядан хэлж гэнэ.
Ноёд, тайж баян гэхдээ
Өнчнийг хэзээ тэтгэдэг байлаа
Номтой лам буянтай гэхдээ
Өвчнийг хэзээ таньдаг байлаа.
Харц зарцын vгийг
Харгис ноён сонсоод
Авралт бурхны зарлигаар
Анх эхээс төрөвч
Ад чөтгөрийн хvчээр
Адаг сvvлдээ vхдэг нь
Орчлон ертөнцийн тавилан юм
Олон амьтны лай юм.
Би одоо яах вэ
Битгий чи сандар!
Нялх бага наснаас
Нярайлж өсгөсөн эх чинь
Yсээ буурал болтол
Насаа гvйцэд эдлээд
Хорвоогийн ус уух
Хувь заяа дутуу байжээ.
Гучин хоёр шvднээс нь
Ховхорч ер унаагvй
Шинхэн хар гэзэгнээс нь
Ширхэг ч vс цайгаагvй,
Ийм залуу насандаа
Ингэж өвдөнө гэдэг чинь
Эргэл мөргөл хийдэггvй
Эрхэм дээдэст залбирдаггvйн
Хар нvгэл нь болж байна
Харин чи эхээ vхвэл
Бурхан тэнгэрийн оронд
Буцалгvй төрөөсэй! гэж
Буян номыг сайтар хийж
Буруу бvхнийг сайн тэвч! гэж
Буурлын vнэт сургаалыг
Бузгай хэлж байвч
Өөхөөр хавагнасан нvvрт нь
Өрөвдөн тэтгэхийн шинжгvй байв
Өөдгvй улцан нvдэнд нь
Өглөгч бэлэгтний харцгvй байв.
Хэрцгий ноёны vгэнд
Гэмгvй зарц бухимдаж
Хэн юу хэлэх бол гэж
Гэр доторх хvмvvсийг харав,
Ханагар сайхан жороо хvрний нь
Хагацаахыг боддог ноёны хvv
Хар нохой минь хөл доголжээ
Харц чи зодсон уу? гээд
Элдвээр дайрч доромжлоод
Эхий нь тухай юу ч хэлсэнгvй.
Халуун элэгт ээжийгий нь
Хараан загнаж зоддог
Хатан язгуурт эхнэр
Хуньшгvй зангаа гаргаад
Шавартай сайран хөлдөө
Шавхай наалдуулж ирээд
Ширмэл том ширдгий минь
Шинэхэн өнгийг гутаав
Хэн чамайг дуудав! гээд
Хялайхын муухайгаар хялайв
Эзэн дээд ноёноо гэж
Элбэрэл хvсээд орсон хvv
Зовлон дээр зовлон нэмээд
Золбоот нvдэндээ нулимс дvvргээд
Хөндлөн босгон дээгvvр
Хөлөө өргөөд гарахдаа
Дэргэдэх ардын зовлонг
Дэвсгэрээсээ дор vздэг
Тэнэг ухаант хатны
Дээрэнгvй vгэнд гомджээ
Номхон ардын амийг
Нохойноос дор санадаг
Ноёны хvvгийн хэлсэнд
Ноцтой хорсгол хадгалжээ.
Сvмбэр уулын оройд
Сөрсөн vvл гараад
Сvрт цахилгаан цахилж
Сvрхий дуу нижигнээд
Азарган борооны тvрvvч
Айхтар ширvvн оров.
Шvршин орох чимээг чагнавал
Шөнөжингөө орох бороо байна
Шvтээний өмнөх зулаа сэргээгээд
Сvvжээ амрааж унт хvv минь гэж
Сvvрс алдаж эх нь хэлээд
Шvлэг маанийг амандаа уншив.
Зvгээр, ээж ээ нойр хvрээгvй
Зvсэрсэн бороонд малаа алдвал
Зvvрмэглэж хэвтсэнээс долоон дор
Зvггvй муухай хэрэг болно гэж
Өвчтэй байгаа эхийнхээ дэргэд
Өдөр шөнөгvй сахиж суусаар
Унтах нойроо мартаж орхисон
Ухаант хvv ээждээ хэлээд
Зулайныхаа хөлсийг нэг арчаад
Зуландаа тос нэмж сэргээв.
Хур бороо ширvvсэж
Хурц цахилгаан ихдээд
Бод мал vргэж
Ботго тугал шуугилдав.
Бог мал уруудаж
Болгоомжлох цаг тулгарав.
Архи дарсанд автагдан
Алмайрч согтон хэвтээд
Торгон хөнжлийн дотор
Тохитой унтаж байгаа
Эзэн ноёны байдлыг
Эрэгцvvлж хvv бодохдоо
Өнөө шөнө хонь уруудвал
Өглөө босоод би зvдэрнэ
Маш сайн хичээж байгаад
Малы нь алдалгvй хоноё! гээд
Хөдсөн дээлийн танагаар
Хөөрхий эхээ хучаад
Тохмын шар эсгий
Толгой дээрээ тавиад
Хурдан хөлийн гvйлтээр
Хуйвт шилбvvрийн чимээгээр
Уруудаж байсан малыг
Уг байранд нь тогтоов.
Бусад зарц нарыг шуугилдаж
Бухимдаж малтай хөөцөлдсөөр
Цаглашгvй зvдэрсэн хvvг
Цахилгааны гэрэлд хараад
Гэртээ орж ээжээ асар
Хэрхэвч бид мал алдахгvй! гэж
Ноёны амнаас гараагvй
Нот сэтгэлийн vгийг
Норж нэвтэрсэн ядуучууд
Ноорхой хvvд хэлжээ.
Нvх шиг шөнийн харанхуйд
Нvцгэн хөлөөрөө чулуу өшиглөж
Сайртсан хөлөө шалбалаад
Сандарсан хvv гэртээ оров.
Өргөсөн зулы нь эрвээхэй цохиод
Өөхөн дэнгий нь салхи цохиод
Харанхуй гэрт дусаал гоожоод
Халамжит эх нь чимээ ч vгvй байв.
Ихэд сандарсан хvv
Ээжээ нэг дуудаад
Өөхөн дэнгээ асаатал
Өөв гэж эх нь дуугарав.
Сандарч тэвдсэн хvvгийн
Санаа сэтгэл нь тавигдаж
Бурхны өмнөх зулаа
Бушуухан гэгч өргөөд
Хайрт эхийнхээ нvvрийг
Харан харан зогсоход
Хоёр алаг нvд нь
Хонхойж баахан ядарсан
Хувирдаггvй хөрслөг царай нь
Хундан цагаан болсон
Хосгvй энэрэлт ээж нь
Гоц эхэлж ширтээд
Хорвоо ертөнцийн жамыг
Хол ойргvй сэтгэж
Хоцорч vлдэх хvvгээ
Хонгор сэтгэлдээ бодохдоо
Дээрээс орсон дусаал
Дээл хучлагыг нэвтлэвч
Дороос тунасан чийг
Тохой нурууг хайравч
Биед туссан өвчин
Бэрхтэй хэцvv зовоовч
Уранхай хувцастай хvvдээ
Уул байдлаа хэлсэнгvй.
Өвчний хvндээс болж
Өнгө царай алдсан
Өнөр залуу эхээ
Өөрийн эрхгvй хайрлахдаа
Чулуу өшиглөснөө хэлэлгvй
Цус гарснаа vзvvлэлгvй
Дээлийн хормойд хөлөө нуугаад
Дэнгийн цөгцөнд тос нэмлээ.
Жижигхэн цагаан шvдтэй
Жигд хотгор нуруутай
Хөгжvvн шударга зантай
Хөөрхий бор хvv минь
Инээж хөдөлж байгаа нь
Ээжийгээ дуурайсан гэж
Саахалт айлын чавганц
Сайшааж магтдаг юм гэж
Энхрий танхил vрээ
Эвийлэн өхөөрдөн бодоод
Тооноо ширтсэн эх
Толгойгоо гэнэт хөдөлгөөд
-Хvv минь ээждээ ир гэж
Хvнд гvнзгий амьсгаа татав.
Дэнгийн хажуугаас хvv нь
Дэргэд нь хvрээд ирэхэд
Дэрэн дээр нь ус тогтоод
Дээлэн дээр нь дусаал дусаж байв.
Шаагисан борооны усыг
Цоорхой гэр яаж тогтоох билээ
Шvvрсэн хурын дусаалыг
Цочирдсон хvv яаж тогтоох билээ
Дэмий л нэг гайхаж
Дээлийн нь усыг шавхтал
Сайхан хурын усыг
Саатуулж битгий асга! гэж
Yрийнхээ сэтгэлийг тайтгаруулж
Yг сургамж хэлсэн нь:
Бvрээсний дор төрөөд
Булшны дор хэвтдэг нь
Бvхэл бvтэн хорвоогийн
Бодит нэгэн ёс юм.
Нас чинь бага боловч
Цус чинь шингэн боловч
Хөл чинь дөрөөнд хvрч
Гар чинь ганзганд хvрчээ.
Хvн амьд явахдаа
Эгэл олондоо зvтгэдэг
Хvлэг амьд явахдаа
Эзэн хvндээ зvтгэдэг.
Эр хvн эзгvй хээр
Эмээлт мориноосоо бvv сал!
Эрэлхэг баатар, эрхэм цагт
Эгэл олноосоо бvv хөндийр! гэдэг
Ямбатан ноёдын хvvхдийг
Ямар ч байсан битгий тvш
Ядуу хvний хvvхдээс
Ялихгvй ч гэсэн битгий холд!
Ядрах цагт ард тусална
Яарах цагт морь тусална гэв.
Арван сар тээж гаргаад
Ангир уургаа шимvvлж өсгөсөн
Асралт эхийнхээ vгийг сонсоод
Айх тэвдэх нь улам нэмэгдэж
Ээж минь та юу хэлж байна
Итгэж гуйя битгий vх! гээд
Борхvv нулимсаа гаргаж
Борооны дусалтай зэрэгцvvлэв.
Зогсолтгvй орсон бороо
Жалга дундуур vерлэхэд
Зовлонт хvvгийн шаналал
Зvрхэн дундуур vерлэв.
Yvлээ цааш нь нуусан шиг
Өргөн тэнгэр цэлмээд
Yдшийн орсон бороо
Өглөө болоход арилжээ.
Хурмаст тэнгэрийн нар
Хөдөө хээрийг гийгvvлж
Хурын тунгалаг ус
Хөрст дэлхийг гялайлгавч
Шар эсгий гэрийн дотор
Ядарсан бvсгvй ёолсоор байв
Шаналсан хvvгийн нvvр дээр
Ядуугийн нулимс бөмбөрсөөр байв.
Нойргvй хоносон хvvхэд
Норсон дэвсгэрээ аваад
Наранд ээж хатаахаар
Навтгар гэрээсээ гартал
Гурвалжин vvрэг vvрсэн
Гурван шоо өвөртөлсөн
Хорвоогийн уудам зайд
Хойш урагшаа хэрсэн
Хот айлын нохойг
Хоёр модоор тогшсон
Бардам тvрэмгий зантай
Бадарчин айсуй явжээ.
Тэвдсэн хvv хурдаараа гvйгээд
Тэр бадарчийн өмнө нь очоод:
-Халуун энэрлээр тэжээж өсгөсөн
Хангай дэлхий шиг тvшиг болсон
Хайрт ганц эхийн минь биед
Ханиад хvрээд хэцvv байна
Бодь хутагт лам минь та
Болгоож хайрлаж өгнө vv гэж
Бор өвдгөөрөө сөхөрч суугаад
Бодсон хvслээ айлтгаж гэнэ.
Ховдог махчин шувуу
Хvvрийн vнэрт дуртай байдаг
Хорт санаат ламтан
Хvний зовлонд дуртай байдаг.
Балмагдсан хvvгийн vгийг сонсож
Бадарч лам гэрт нь ирээд
Маань уншаад судсы нь барьж
Магтаал уншаад адис өгчээ.
Өнөр тvшиг эх чинь
Өвчин гамшиг ихтэй байна
Амь насы нь сvйтгэх
Ад чөтгөр шvгэлсэн байна!
Аврал буян сайн хийвэл
Амьд гарахын заяа байна! гэж
Эрдэнийн гурван шоод минь
Ил тодорхой буулаа гэв
Зандан шоо буруу таасныг
Залуу хvv яаж мэдэх вэ?
Зальт лам хууран мэхэлснийг
Залбирсан бvсгvй яаж мэдэх вэ?
Явган энэ vлгэрийг
Ярьж хэлж байхдаа
Даахийн чинь ширэлдээ гараагvй
Давхар нvдний чинь хараа гvйцээгvй
Гурван настай нялх цагт
Гунигт муухай өвчний уршгаар
Гаргасан эх чинь эцэслээд
Ганцаараа чи vлдсэн гэж
Өвгөн эцэг Чойжилжавын
Өрөвдөж хэлснийг санадан би.
Зэрэгцэж ярихаа зогсъё
Залгаж vлгэрээ хэлье.
Галуу шувуу дуугарсан
Хавтгай дулаан улиралд
Галт нар ээсэн
Халуун гэгчийн өдөр
Зовлонт өвчин нь хvндэрсээр
Зовхит нvд нь буурсаар
Амраг хонгор эх нь
Амьсгаагаа гvйцэд хураагаад
Амин халуун судас нь
Ахиад цохихоо болив.
Залуу эхээ vхvvлсэн
Зарц бор хvv
Заяа золондоо гомдож
Зангирсан нулимсаа унагаахад
Хvний vхэл олныг vзсэн
Хомхой тэр гэлэн
Хvрэн морины сургаар
Хорхойсох сэтгэл хөдлөв.
Элэгдсэн шар эрхээ
Эргvvлэн тойруулан байж
Элэнц хуланцын буян нvгэл
Энэ тэр сайн муу гэж
Элдэв янзын цэцэн vгээн
Эрдэмт гэгдсэн тэр бадарч
Эхэр татан уйлж байгаа
Эгэл хvvд ингэж хэлэв.
-За хvv минь битгий уйл
Залуу хөгшин хэн боловч
Зайлшгvй vхэж өнгөрдөг нь
Заяасан ертөнцийн зохиол юм!
Нөхөцсөний хойноос уйлбал
Нvгэл хилэнц арвижаад
Yvрдийн оронд тонилох
Yхсэн сvнсний нь зам дээр
Yер болж саатуулдаг
Yнэн номын ёс бий!
Хорвоо өнгөрсөн эхийн чинь
Хойтохыг би хийнэ гээд
Хонх дамраа дуугаргаж
Хоёр ерөөл уншжээ.
Нарт амьдралаас салж
Нас барсан эхий нь
Хvйтэн болсон биеийг
Хvнд хөх чулуутай
Тэнцvvлэн хvлж байгаад
Тэмээнд тэгнэж ачаад
Бэлчээр нутгийн цаана
Бэл чулуун дэрлvvлж
Огцом жижиг талбайд
Оршуулж орхиж ирээд
Хvндэтгэн буян хийсэн гэж
Хvж зул асааж гэнэ
Хvvрийн ясыг барьсан гэж
Хvрэн морий нь авч гэнэ.
Өрөвдөж хайрладаг эзнээс салж
Өөдгvй хvний хөл болоод
Төрсөн нутгаас холдож
Тvмний газар чиглэхдээ
Хань ижилдээ тэмvvлж
Халамжит эзэндээ хоргодоод
Ханаран эргэн хөндөлдөвч
Хазаар даран булаалдавч
Хатан төмрийн хvчинд
Халуун амаа мэдvvлсээр
Хатуу модон ташуурт
Хаа, гуяа мэдvvлсээр
Жороо хvрэн морь
Жолоо цулбууртаа хумигдав
Жолоо цулбуур хоёр нь
Зодоч ламд хумигдав.
Ааг сайтай хvлэг минь
Амар мэнд яваарай
Аз жавшаан байвал
Ахиал хоёулаа уулзана гэж
Хvv дотроо бодож
Хvрэн морио харсаар
Нулимс гоожсон нvдээ
Нухлан арчин vлдэв.
Ядарч өнчирсөн хvv
Яахаа мэдэхгvй хоцроход
Явган ирсэн бадарч
Явдалтай мориор буцжээ.
Өөрийн эзнээсээ хагацаж
Өнөр ижлээсээ тасарч
Өргөн нутгаасаа алслаад
Өлөн бадарчинд унуулсаар
Хvрэн жороо морь
Хvний газар ирэв.
Эх нутгаас гарахад
Ээлтэй зөөлөн зун байжээ
Энэ газар ирэхэд
Эрс хатуу өвөл байжээ.
Хоосон сурталт ламтан
Холын холоос ирээд
Хvрэн морины ядарсныг
Хөөрхийлөх сэтгэлээр бодолгvй
Хvйтэн жаварт өвлийн
Хөр хунгар цасанд
Хөлстэй тохмоор хайрч
Хөлдvv амгай зуулгаж
Өл хоол өгөлгvй
Өдөр болгон унаж байв
Сөл хазуулах төдийгөөр
Шөнө болгон чөдөрлөж байв.
Өвлийн бэрх улирлын
Өдөр шөнө хоёрыг
Аль муу зовлонгоор
Арай чарай өнгөрөөгөөд
Хаврын сар гарч
Хамаг амьтан тэнийхэд
Яндан хvрэн морь
Яс арьс болжээ.
Хөтлийн цас хайлж
Хөх ногоо цухуйлаа
Хөхөө өвлийн хvйтэнд
Хөрч ядарсан мал
Тамир чадлаа олбол
Дахиж унахад тустай гэж
Тэнэмэл тэр бадарч
Тэнэг ухаандаа бодоод
Ногт чөдрөөс нь салгаж
Ногоо хэд хазуулъя
Хээрийн бэлчээрт явуулж
Хэд хоног амраая гээд
Алжааж турсан хvрэнг
Айлын адуунд тавьжээ.
Ижилдэж дасаагvй сvргийг
Итгэж хамт явахад
Өнгө удам нэгтэй боловч
Өшиглөж, хазах нь олон байв.
Энэрэлгvй муу эзний
Эмээл хазаараас салавч
Идээшилж дасаагvй нутагт
Их л уйтгартай байв.
Тууш нуруу нь халцарч
Дөрвөн туурай нь эмтрээд
Туг сvvл нь ширэлдсэн
Туранхай хvрэн морь
Шинэхэн ногооны шимийг
Чөдөргvй идэж
Шингэн булгийн усыг
Чөлөөтэй ууж
Шаналсан бие нь тэнийж
Шар vс нь унав
Санаа сэтгэл нь хөдөлж
Саруул нутгаа бодов.
Навч цэцэг дэлгэрч
Нарны элч дулаараад
Уул тал ногоорч
Ус гол шуугиад
Хурын тунгалаг рашаан
Тэнгэрийн vvлнээс буугаад
Хун цагаан шувуу
Тэнд эндгvй ганганаад
Хөхөө гургалдай хоёр
Ээлж дараагаар донгодож
Хөвчийн өндөр ууланд
Эгшиг дуугаа дамжуулахад
Нутгийн сайхан байгаль
Нvдний өмнө vзэгдээд
Хань ижлийн дуу
Халуун чихэнд нь сонсдов.
Хөнгөн төмрийн vрдсийг
Хvдэр соронзон татдаг шиг
Хvрэн морины сэтгэлийг
Хvсэлт нутаг нь дуудав.
Унаган бага наснаасаа
Усы нь ууж өссөн
Дааган бага цагтаа
Даваа гvвээгий нь хэссэн
Өн тавиун бэлчээрээ
Өөрийн эрхгvй санаж
Хэт нутагтаа гvйх гэж
Хэд хоногоос зөгнөөд
Задгай бэлчсэн адууны
Захад нь явдаг болов.
Yлгэрийн эзэнд vзэгдсэн
Yгийн vзvvрт яригдсан
Ажнай хурдан хvлэг
Анх ингээд гvйжээ.
Яриан дунд орхигдсон
Ядуу өнчин хvv
Яаж амьдарч байгаагийн
Явдал дvрсийг хэлэх vv?
Дотроос буцалсан уур хилэн
Гаднаас нөмөрсөн гашуун зовлон
Өргөн тvмэн монголыг
Yер мэт дайрч байхад
Өнчин ганц хvvг бас
Yvл мэт бvрхэж байв.
Алтан их дэлхийн
Адал явдлыг бодоогvй ч
Ард монгол хvмvvсийн
Аймшигт зовлонг бодож
Алс хэтийн жаргалыг
Ариун зvрхэндээ хvсээд
Энхрийлж өсгөсөн эхийнхээ
Эрхэм шарилыг тавьсан
Өөгvй бяцхан талбай дээр
Өнчин хvvхэд ирлээ.
Намуухан зөөлөн салхи
Найланхай янзаар илэхэд
Урсаж байгаа хөлс нь
Урьхан салхинд эвэрнэ
Давхар алаг нvдээр
Тал хөндийг ширтэхэд
Тэмээн сvргийн бараа
Тэртээ баруунаа сvvмэлзээд
Жирийн хоосон зэрэглээ
Жирэлзэн торолзож харагдав.
Хvн малаас зайдуухан
Хөдөө талын бэлчээрт
Шарилийн газар ирсэн
Хvvгийн сэтгэл vймрээд
Орxлон хорвоогийн хэрэг
Олон зvйлийн бодол
Оюун ухаан дотор нь
Орон гаран байлаа.
Уран авъяас бvрдсэн
Төвшин цагаан хуруу нь
Уяруун сэтгэл тодорсон
Дөлгөөн харцат нvд нь
Хөдөө хөхөрч явахдаа
Хvйтэнд даарч байхдаа
Хөлдөж ер vзээгvй
Хөрслөг бор хацар нь
Yр минь, хvv минь! гэж
Yг хэлэхийнхээ эхэнд
Yргэлж хvvгээ энхрийлдэг
Yнэн хайрын чанар нь
Тэнгийн хvндийг өргөж
Тэмээ ачиж байхдаа
Эр хvнээс дутдаггvй
Эрдvv чийрэг тэнхээтэй нь
Ноднин жилийн зун
Ноёны vнээ саагаад
Ууртай хатанд загнуулж
Уйлж байсан байдал нь
Өөрийн бор гэртээ
Өвдөж шаналж байхдаа
Yр ганц хvvдээ
Yгээ захиж хэвтсэн нь
Харах нvдэнд vзэгдэж
Халуун санаанд нь бодогдов.
Эцэс болсон эхий нь
Эмзэг шарил нь арилаад
Ээрэм цагаан яс нь
Энд тэнд сарниад
Дэрний нь улаан чулуу л
Тэр хэвээр vлджээ.
Эхийн сvvж нь хvрсэн
Эрдэнийн шороон дундаас
Цэлмэг тэнгэрийн өнгөтэй
Цэцэг ургасан байлаа.
Урин салхинд ганхсан
Удвал цэцгийн өнгийг
Удтал ширтэн хараад
Уйлж суусан хvv
Алиа хонгор ээжээ
Амраглан дуудмаар ч болов
Ардын гунигт дууг
Аялан дуулмаар ч болов.
Хуучин цагийн vлгэрийг
Хуурдаж уншмаар ч санагдав
Хурдан хvрэн морио
Хурайлан далламаар ч бодогдов.
Оргил хайрхан сvндэрлэж
Огторгуй нам гvм байтал
Yр ачаа дагуулан
Yелэн нисэж яваа
Тогоруу шувуу шуугилдаад
Толгой дээгvvр өнгөрөв.
Ачит залуу эх минь
Амьд мэнд байсан бол
Алаг vрээ дагуулсан
Аянч шувууны адил
Асарч өсгөсөн намайгаа
Ариун гартаа хөтлөөд
Аятай явах байсан даа! гэж
Амьсгаа даран бодоод
Хошууран нисэж яваа
Хун цагаан тогорууг
Сайтар нарийн харж
Санаа алдан суутал
Чимэгт ариун талын
Чимээгvй байдлыг доргиож
Цаст өндөр уулсын
Цуурайг цочоон хөгжөөгөөд
Унгалдан янцгаах дуу
Уянгалан гэнэт хангинав.
Зvvд нойрны дvрс vv?
Зvй ёсны тэмдэг vv?
Зөн билгийн ёс уу?
Зvгээр жирийн чимээ юу? гэж
Олон шувууны хойноос
Онцолж харахаа болиод
Өргөн уудам талын
Өнцөг буланг ширтлээ
Тормогор хар нvдний нь
Тодхон соргог хараанд
Хурдан жороо морь нь
Хvй тоос босгоод
Хангинатал чанга унгалдаж
Хатиран айсуй харагдав.
Баярын халуун амьсгал
Байж тогтон vймэх шиг
Бат цагаан цээжнээс
Багтаж ядан гараад
Уйлж хавдсан нvдий нь
Угааж өгөх гэсэн шиг
Уярлын зөөлөн нулиис
Улам улам асгараад
Итгэлт морь минь ирлээ! гэж
Ээжийгээ дуудах шахлаа.
Гоолиг хvрэн морио
Гурры гурры дуудаад
Гунын суран ногтоор
Гурав дөрөв даллав.
Энх нутгаа vзэж
Эзэн хvнээ харсан
Хvрэн зvст морь
Хvvгийн дууг таньж
Хатиран хатиран давхисаар
Хажууд нь ирээд vvрсэв.
Арван давхар аюулаас
Арай гэж зугтааж ирсэн
Алдарт сайн морио
Ажиглан тойрон харвал
Дааган согсоо нь ширэлдэж
Ташаан толгой нь ёрдойгоод
Суман дэл нь хийсэж
Сунах хөл нь чичрээд
Урт иштэй хутга
Улаан гуянд нь шигдээд
Ухаа ягаан цус
Урсаж гарсан байв.
Хөх төмөр хутгыг
Хөхсөн махнаас сугалж
Хайрт хөлгийн шархыг
Хангайн цэцгээр эмнэж
Хатааж хийсэн хутгыг
Хайрган билvvгээр билvvдэв.
Хутга хэдий моховч
Гуранзан билvvгээр хурцалдаг
Эмзэг шарх гаравч
Эмийн хvчээр эдгээдэг
Морины чадал ч сэргэлээ
Мохоо хутга ч ирлэгдлээ.
Эхээ vхvvлж өнчирсөн
Эгэл ардын хvv
Эрийн цээнд хvрээгvй ч
Эрхэм vйлсэд зvтгэхээр
Элэг нь харлаж хатсан ч
Эрх чөлөөгөө олохоор
Хэргийн эзэн бадарчаас
Хэрмэл муухай дайснаас
Өшөө хорслоо авах
Yвтэгш зорилго тавиад
Эрэлхэг хvрэн мориндоо
Эмээл тохож мордоод
Иртэй том хутгаа
Иший нь чанга атгаад
Ардын партизан цэргийн
Ариун жагсаалд нийлэхээр
Алтан шар замдаа
Аялан дуулсаар оров.
Өнөр хvрэн морь
Өнчин хvv хоёрын
Yнэн учир ийм байна
Yлгэр одоо төгслөө.
Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч, яруу найрагч Ч.Лхамсүрэн
Сэтгэгдэл (9)