Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүнийг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Энэ үеэр урлагийн салбараас Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.
Шагнал гардуулах үеэр Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав "Монголын хөгжмийн урлагт 50 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр шим ирлээ гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний гавьяа биш, надтай хамтран зүтгэж байсан уран бүтээлчдийн минь гавьяа. Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож явсны минь ач буян. Миний уран бүтээлийг үргэлж үнэлдэг ард түмэн, үргэлж дэмждэг төр, засгийн байгууллагынхандаа талархаж байгаагаа илэрхийлье.
Монголын урлагийг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай. Төр, түмний минь зам, мөр түвшин байх болтугай" гэлээ.
Г.Эрдэнэ