БНСУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх 2020 онд тохиох юм. Үүнтэй холбогдуулан Сөүл хотын зүгээс энэ сарын 11-ний үдэш Д.Сүхбаатарын талбайд болох шоу тоглолтын үеэр "Гэрэлт дроны үзүүлбэр", 13-ны өдөр Сөүлийн гудамжинд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэхээр болжээ.
Энэ талаар найруулагч, продюсер Д.Гарьд "Гэрэлт дроны үзүүлбэрээр Улаанбаатарын үдэш тоглолтын хаалтын үйл ажиллагааг эхлүүлнэ. Үүнийг бид гэнэтийн бэлэг болгохоор төлөвлөж байна. Тиймээс ч бэлтгэлээ хотоос зайдуу нууц газар хийж байна. Харин энэ сарын 13-нд Сөүлийн гудамжинд буюу Циркийн ард талын задгай талбайд "I UB-Seoul U Song & Dance Festival" гэх энтертаймэнт үйл ажиллагаа, тоглолт зохион байгуулна. Тоглолт 17.00 цагт эхэлнэ. Бүтэн өдрийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Эдгээр арга хэмжээ нь ойн баяруудыг угтан Сөүл хотоос Улаанбаатар хотод илгээж буй бэлэг юм" гэлээ.
Харин "Vitamin tree Gobi" компанийн захирал Ө.Жавзандулам "Ихэнх хүмүүс наадмын эхний өдрүүдэд бөх, морио үзээд завгүй байдаг зарим нь хотоос гараад явдаг. Тиймээс "I UB-Soel U Song & Dance Festival"-ыг 13-ны өдөр зохион байгуулахаар болсон. Мөн өндөр шагналын сантай бүжгийн тэмцээн болно. Тиймээс залуучууд болон аялал жуулчлалаар ирсэн гадныхан их сонирхох болов уу гэж бодож байна. Тоглоом, тэмцээн бүр олон төрлийн бэлэгтэй.
Бүжгийн тэмцээний бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр байр 2.5 сая төгрөг, хоёрдугаар байрт хоёр уран бүтээл шалгаруулан тус бүр нэг сая төгрөг, гуравдугаар байрт таван уран бүтээл шалгаруулж, тус бүр 400 мянган төгрөгийн шагнал олгоно" гэв.