Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах гэж байна.
Наадмын үеэр нийт 646 гаруй алба хаагч, нэмэгдлээр Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч үүрэг гүйцэтгэх юм байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөдөлгөөний зохион байгуулалт, хамгаалалтыг энэ сарын 09-нөөс 14-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллана. Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон байна.
Нийт бүртгэгдсэн ослын 78.7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18.7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21.3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81.2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс 3 нь хүүхэд амь насаа алдсан, амь нас нь хохирсон 3 хүүхэд нь тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг шалтгаануудтай байдаг. Мөн баяр наадмын нээлт, хаалт болон соёолон морины уралдааны явцад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг, ачааллын үеэр жолооч нар урсгал сөрөх, хайс, хашлага давах, явган хүний замаар явах тэмдгийн зүйл заалт зөрчих зэрэг зөрчил гаргаснаас зам тээврийн осол үйлдэгдсэн байдаг тул анхаарах шаардлагатай. Баяр наадмын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээллүүдийг "Авто радио" ФМ 96,3, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол нийт хөдөлгөөнд оролцогч нарт хүргэх аж.
НААДМЫН ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16 мянган тээврийн хэрэгсэл зогсох боломжийг бүрдүүлжээ. Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.
- “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,
- “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна.
- “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл-ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны 500 автомашины зогсоолд байрлуулна.
- “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл-“Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд 300 автомашины зогсоолд байрлуулна.
НИЙТИЙН ТЭЭВЭР
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилэх юм байна.