Туульч, хуурч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр гардуулан өглөө.
Туульч Э.Баатаржав нь Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн.
Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Стэнфорд, Харвардын их сургууль зэрэг томоохон их сургуулиудад хөөмий, цуурын урлагийн талаар лекц уншиж, Монголын өв соёлыг сурталчлан таниулах, цаашлаад ЮНЕСКО-ийн соёлын өвд язгуур өвийн талаас баримтжуулан бүртгүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам