ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан.
Одоогийн байдлаар үерийн бүсээс 1100 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч 9000 гаруй хүн, түүний дотор 2300 орчим хүүхэд үерийн бүсэд байгаа. Өнөөдрийн байдлаар амиа алдагсдын тоо хүүхэд том хүн нийлээд 18-д хүрчээ.
Орон гэрээ засч товхинуулах хугацаанд 100 хүүхдийг Монгол улсад ирүүлэн, хүүхдийн зусланд амраахаар төлөвлөжээ.
Тус мужийн захиргаанаас урьдчилсан байдлаар тооцоолсноор нийт 10’000 гаруй иргэн үерийн улмаас хохирол амссан бөгөөд ойролцоогоор 800 сая рублийн эд материалын хохирол учраад байгаа аж.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Эрхүү мужийн олон мянган иргэн орон гэргүй болж, их хэмжээний хохирол учраад байгаа тул үерт нэрвэгдсэн айл өрх, иргэдэд тусламж үзүүлэх хандивын аяныг “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-аас санаачлан, богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Уг санаачлагын дагуу Эрхүү мужийн иргэдэд тусламж үзүүлэх аяныг Ерөнхийлөгч Х.Баттулга болон олон хувь хүн байгууллага, дэмжихээ илэрхийлжээ. Мөн Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв ОХУ-ын холбогдох байгууллагууд, Монгол улс дахь Элчин Сайдын Яамтай холбон, мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлжээ.
Хандивын аяны хүрээнд үерт нэрвэгдэн орон гэргүй болсон иргэдэд зориулан нэн тэргүүний шаардлагатай зүйлс болох дулаан хувцас, гутал, хөнжил, хивс, лаазалсан мах зэрэг шаардлагатай эд зүйлс цуглуулах, хүргэж өгөхөөр болсон байна.
Мөн тэдгээр өрхүүдээс орон гэрээ засч товхинуулах хугацаанд 100 хүүхдийг Монгол улсад ирүүлэн, хүүхдийн зусланд амраахаар төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар тооцон үзэхэд хүүхдийн зусланд амрах болон тээврийн зардалд хүүхэд тус бүрийн 500,000₮ буюу нийт 50 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.
Иймд аяныг санаачлагч “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ нийт гадаадад төгсөгч нар болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандивын аянд нэгдэхийг уриалжээ.
Хандивын аянд нэгдэхийг хүссэн байгууллага, иргэд, төгсөгч нар 99081118, 80006007, 99064204 утсаар холбогдон, дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ын ХААН банкны 5070391073 дансаар хандив өгөх боломжтой. Тус төрийн бус байгууллагын зүгээс хандивын аяны үр дүнг цахим хуудсандаа тогтмол мэдээлж байх аж.