Энэ сарын 26-27-ны хооронд зохиогдсон Да дун урлагийн үзэсгэлэнгийн хоёр дугаар байрын шагналыг зураач Ж.Мөнхжаргалын “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” бүтээл хүртсэн байна. 24 дэх удаагийн Да дун урлагийн үзэсгэлэнгийн шүүгчдийн зөвлөлөөс Ж.Мөнхжаргалын усан будгийн зургын арга техник гайхалтай өндөр хөгжсөн, агуулгын хувьд нэн онцгой, уламжлалт зураг, шашны бэлгэдэл зэргийг уран төгс илэрхийлж чадсан гэж дүгнэжээ.
Зураач Ж.Мөнхжаргал Монгол улсын СУИС төгссөн, бүтээл нь гол төлөв домог, түүх, шашин, байгаль орчноор дамжуулж хүн, байгалийн харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Зураач өмнө нь олон улсын үзэсгэлэнд уригдаж орж байсан туршлагатай, энэ удаа түүнийг Монголын Урлагийн зөвлөлөөс санал болгож оролцуулсан.
Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ “Монгол улсын асар баялаг соёлын өв дурсгал, уламжлалт нүүдлийн соёл иргэншил болон зан заншил нь монголчуудын бүтээлийг нэн өвөрмөцөөр илтгэх суурь болдог гэлтэй, энэ жил Монгол улсаас хоёр дахь жилдээ оролцож байгаа хэдий ч эхний гурван байрын нэгийг эзэлнэ гэдэг үнэхээр бахархалтай явдал юм. Төлөөлөгчийн газрын зүгээс ч Монголын уран бүтээлч анд нөхдөдөө тэмцээнд амжилттай оролцон Тайванийн төдийгүй дэлхийн олон орны хүмүүст Монгол уран бүтээлчийн чанар чансаа, өнгө төрхийг батлан харуулсанд талархал илэрхийлье” гэв.
Да дун урлагийн үзэсгэлэн 1996 оноос зохион байгуулагдсан бөгөөд эхэндээ орон нутгийн шинжтэй байсан бол өдгөө олон улсын чанартай үзэсгэлэн болж өргөжсөн байна. Тэмцээний төрөл жанрын хувьд ч олон талтай болж, үүнд дижитал уран бүтээл ч багтсан байна. Ойрын жилүүдэд, жилд 30 гаруй орны хэдэн зуун бүтээл өрсөлдөж байна. Да дун урлагийн үзэсгэлэнгийн шагналын сан 120,000 ам.доллар бөгөөд Тайванийн урлагийн үзэсгэлэн дундаа хамгийн өргөн хүрээг хамарсан, өндөр шагналтайд тооцогддог.