Японы Осака хотод “Их 20”-ын дээд хэмжээний уулзалт болж байна. Уг чуулганд голлох үүрэгтэй оролцож буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус арга хэмжээний дараа нь Өмнөд Солонгост айлчлах төлөвлөгөөтэй байгаа аж. Тэрбээр өчигдөр твиттер хуудастаа “Хятадын дарга Си Жиньпинтэй чухал уулзалт хийснийхээ дараа Японоос явж, Өмнөд Солонгост айлчилна. Хэрвээ миний энд бичсэнийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун харвал би түүнтэй DMZ (цэрэггүй бүс)-д гар барьж, мэнд мэдэх хүсэлтэй байна” хэмээн Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр Солонгосын хил дээр уулзах боломжийн талаар мэдэгдсэн байна. Үүнээс өмнө хоёр улсын удирдагчид уулзалт зохион байгуулсан боловч амжилт олоогүй.
Олон улсын судлаачдын дүгнэж буйгаар хэрвээ эл уулзалт амжилт олбол цөмийн зэвсгийн асуудлыг эцэслэх боломж бүрдэнэ гэж буй юм. Дональд Трамп маргааш буюу энэ сарын 30-ны өдөр Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзана. Тэд хамтдаа хоёр Солонгосыг заагладаг DMZ бүсэд зочлох магадлалтай юм байна. Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш 2017 онд анх удаагаа Өмнөд Солонгост айлчлах үеэрээ тус бүсэд нисдэг тэргээр аялсан ч манан будантай, үзэгдэх орчин муу байснаас замаасаа буцаж байжээ.
Хэрвээ энэ удаа саадгүй хилд хүрч чадвал тэр 1953 онд завсарласан Солонгосын дайнаас хойш DMZ бүсэд зочилсон АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч болох юм. Хамгийн сүүлд ерөнхийлөгч асан Барак Обама 2012 онд энд ирж байжээ. Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл (1)