АНУ-ын нэр бүхий 18 тэрбумтнууд өөрсдөөс нь илүү их татвар авахыг уриалсан захидлыг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдэд хандан бичсэн байна.
Захидалд “АНУ-ын хүн амын хамгийн чинээлэг бүлэгт багтдаг хүмүүсээс авдаг татварыг тодорхой хэмжээгээр нэмж өгөхийг 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдэд уриалж байна. Татварыг дундаас доош орлоготой иргэдээс биш хамгийн баян чинээлэг хүмүүсээс авах ёстой” гээд татвараас олсон нэмэлт орлогыг уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийг сайжруулах, хүн амын эрүүл мэнд, ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн хөгжих тэгш эрхийг хамгаалах зэрэг үйлст зарцуулахыг уриалжээ.
Энэхүү уриалгад 11 гэр бүлийн 18 тэрбумтан нэгдсэний дотор нэрт санхүүч, Ардчилсан намын ивээн тэтгэгч Жорж Сорос, “Hyatt” зочид буудлын сүлжээний эзэд, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагчдын нэг Крис Хьюжес, “Уолт Диснэй”-н өв залгамжлагчид зэрэг хөрөнгөтнүүд багтсан байна.