Монгол улсад ЭШ 10/70 экскаваторын шанагыг Багануур ХК-ийн алтан гартай дархчууд өнгөрсөн оны зургадугаар сард анх удаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өөрсдөө үйлдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр есөн хүний бүрэлдэхүүнтэй баг гурван сарын хугацаанд үйлдвэрлэсэн хоёр дахь шанагаа хүлээлгэн өглөө. Эхний шанагаа ОХУ-ын шанаганы дизайнаар хийсэн бол хоёр дахь шанагаа америк шанаганы зураг схемийг ашиглан хийсэн байна. Шанаганы үндсэн хэсгүүдийг листээр хийж дотор хэсгүүдийг элэгдэлд тэсвэртэй материалаар хуяглаж өгсөн байна. Багануур хувьцаат Компанийн ЭШ-10/70 маркийн дөрвөн экскаватор жилдээ дунджаар 7 сая 140 мянган метр куб уулын цулын ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй тул энэ нормоор компани жилд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлагатай болдог. Шанагыг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэснээр шанага худалдаж авах зардлыг 40-өөс дээш хувиар бууруулах боломжтой болж тэр хэмжээгээр зардал хэмнэж болох юм. Манай компани цаашдаа ЭШ 15/90 экскаваторын шанага үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.