БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жун Унын урилгаар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад айлчилсан.
Айлчлалын хүрээнд талууд Пхеньян дахь Кум Су Сан зочид буудалд хэлэлцээ хийжээ. Хоёр тал түүхийн шинэ гараанаас, эхний хүсэл тэмүүллээ бат цээжлэн, хамтдаа урагшилж, хоёр нам, хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлохыг санал нэгтэй батлан зөвшөөрсөн байна.
Ши Жиньпин “Өнгөрсөн жилээс хойш эрхэм Төрийн зөвлөлийн дарга та бид хоёр дөрвөн удаа уулзаж, БНХАУ, БНАСАУ хоёр орны харилцааны шинэ түүхийг бичиж, гүн зузаан найрамдал тогтоолоо. Миний энэ удаагийн айлчлалыг халуун дотноор, дээд хэмжээнд угтан авсан нөхөр Ким Жун Ун Төрийн зөвлөлийн дарга танд талархал илэрхийлж байна. Миний бие онгоцноос буугаад буудалдаа иртэл БНХАУ, БНАСАУ хоёр орны харилцааны нэг гэр бүл шиг халуун элгэмсэг уур амьсгалыг гүнээ мэдэрлээ. БНХАУ, БНАСАУ хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа нь хоёр нам, хоёр орны харилцааны түүхэнд өнгөрснийг өвлөн, ирээдүйдээ уламжилж, хамтдаа урагшлах чухал ач холбогдолтой юм. Миний бие Ким Жун Ун Төрийн зөвлөлийн дарга тантай Пхеньянд дахин уулзлаа. Энэ удаа би БНХАУ, БНАСАУ хоёр орны найрамдлыг бэхжүүлэн, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг ахиулах зорилготой ирсэн юм. Энэ айлчлалаар гараа болгон, БНХАУ, БНАСАУ хоёр орны харилцааны цаашдын сайн сайхан хөгжлийг хамтдаа төлөвлөж, хоёр орны харилцааны цоо шинэ хуудсыг амжилттай нээнэ гэдэгт итгэл дүүрэн байна” гэжээ.
Ким Жун Ун “Миний бие БНАСАУ-ын нам, засаг, ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга таны манай оронд төрийн айлчлал хийж ирснийг халуунаар баярлан угтаж байна. Эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга та нүсэр их ажлынхаа дундуур цаг зав гарган, БНАСАУ, БНХАУ хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд тохиолдуулан манай улсад айлчилж буй нь БНАСАУ-ын нам, засаг, ард түмэнд асар их зоригжуулал болон улс төрийн дэмжлэг болох бөгөөд БНАСАУ, БНХАУ хоёр орны харилцааны түүхэнд чухал их ач холбогдолтой юм. Өнөөдөр Пхеньян хотын 25 мянгаад иргэн эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга таныг халуун дотноор угтан авлаа. Өнөөгийн нөхцөлд, нөхөр ерөнхий нарийн бичгийн дарга таны энэ айлчлал нь БНАСАУ, БНХАУ хоёр орны харилцааны 70 жилийн түүхэн замналыг эргэн санаж, хоёр орны харилцааны ирээдүйг төлөвлөхийн зэрэгцээ БНАСАУ, БНХАУ хоёр орны бат бэх уламжлалт найрамдлыг дэлхий дахинд харуулахад маш их ач тустай” гэдгийг онцолжээ.
CCTV.COM