БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 20-нд буюу өчигдөр БНАСАУ-д айлчилсан.
Энэ нь тэдний 2018 оноос хойш хийсэн дөрөв дэх уулзалт юм. Тодруулбал, 2018 оны гуравдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Ким Жон Ун БНХАУ-д албаны бус айлчлал хийж байсан. Ши Жиньпин, Ким Жон Ун нарын Бээжин дэх энэхүү уулзалт нь анхны түүхэн чанартай уулзалт байв. Тухайн уулзалтаар хоёр удирдагч БНХАУ, БНАСАУ-ын харилцааны хөгжлийн дөрвөн үндсэн зарчмын талаар хамтдаа санал нэгдэж байв. Тухайлбал,
Нэг: БНХАУ, БНАСАУ-ын нөхөрсөг харилцаа хоёр орны хамтын үнэт өв, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гуйвшгүйгээр баримтлах нь цорын ганц сонголт юм.
Хоёр: БНХАУ, БНАСАУ бол социалист үзэл баримтлалтай улс орон. Хоёр орны харилцаа бол стратегийн ач холбогдолтой. Тиймээс хамтын ажиллагаагаа улам бүр нягтруулан харилцан суралцах нь зүйтэй.
Гурав: Хоёр намын хоорондын өндөр түвшний харилцаа нь хоёр орны харилцаанд бусад зүйлээр орлуулшгүй маш чухал үнэ цэнэтэй. Талууд байнгын харилцагаа хэвээр хадгалан, бодлогоо солилцож, итгэлцлээ бэхжүүлэхийн зэрэгцээ хамтын ашиг сонирхлоо хамгаалах хэрэгтэй.
Дөрөв: Иргэд хоорондын харилцааг ахиулах нь БНХАУ, БНАСАУ-ын харилцааны үндэс суурь болно.
Тухайн уулзалтаар Ши Жиньпин, Ким Жон Ун нар Солонгос хойгийн цөмийн асуудлаар санал солилцож чухал ойлголцолд хүрч байсан.
-2018 оны тавдугаарсарын 7-8-ны өдрүүдэд Ши Жиньпин дарга Ким Жон Унтай Даляньд уулзаж БНХАУ, БНАСАУ-ын харилцааны чухал асуудлаар гүнзгий ойлголцолд хүрсэн юм.
-2018 оны зургадугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалаар Ши Жиньпин болон Ким Жон Ун удирдагч БНХАУ, БНАСАУ-ын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэдгээ илэхийлээд Солонгосын хойгийн энх тайвныг хамгаалж, бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулах болно гэжээ.
-Энэ оны нэгдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Ким Жон Ун мөн БНХАУ-д айлчлал хийсэн. БНХАУ Ши Жиньпин 2019 онд БНХАУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод, хоёр орны харилцааг улам бат бэх болгон, сайн сайхан ирээдүйг байгуулахын чухлыг онцолж байсан юм.
Б.Лхам