Монгол Улс, ОХУ, БНСУ-ын өсвөрийн балетчдын хамтарсан “Spirit of ballet 2019” гала тоглолт энэ сарын 18-нд УДБЭТ-т болж өндөрлөлөө.
Тус тоглолтод Монголын үндэсний балет сургууль, "Classic Ballet", "Sylphide Ballet" зэрэг балетын урлагаар хичээллэдэг 12-20 насны хүүхэд залуучуудын төлөөлөл оролцсон юм.
Тоглолтын талаар Монголын Балетын Урлагийн Холбооны Солонгос дахь төлөөлөгч Д.Одмаа “Энэ удаагийн тоглолтыг Монголын балетын холбоотой хамтарч олон улсын түвшинд зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд УДЭТ маш олон үйл ажиллагаанд Солонгос улстай хамтарч ажиллаж байгаа, үүний нэг жишээ бол энэхүү тоглолт юм. Гала тоглолтод томоохон тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн 50 гаруй хүүхэд оролцлоо. Мөн олон улсын хэмжээнд хэмээн зохион байгуулж буй боловч цаашдаа улам өргөжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Гурван улсын өсвөрийн балетчид оролцсон хамтарсан тоглолтын найруулагчаар Монголын Балетын Урлагийн Холбооны тэргүүн Ц.Жаргалан, туслах найруулагчаар Х.Мөнгөнхөлөг нар ажиллажээ.