Германы Канцлер Ангела Меркел энэ сарын 18-нд буюу өчигдөр Берлин хотноо Украины шинэ тэргүүнтэй уулзсан билээ. Энэ үеэр түүний бие нь тавгүйрхэж, гуйвж, салгалан чичирхийлсэн байдалтай зураглаачийн дуранд өртсөн байна. Тодруулбал, хоёр улсын сүлд дуу эгшиглэж байх үед тэрбээр ийн чичирчээ. Тэрбээр нөхцөл байдлыг хяналтаасаа гаргахгүйн тулд ихэд тэвчин, уруулаа хүчтэй жимийсэн байсан нь зураглаачийн дуранд тодхон үлджээ.
Хоёр орны Төрийн тэргүүдийн уулзалтыг дүгнэсэн хэвлэлийн хурлын үеэр Герман, Украины эдийн засгийн хамтын ажиллагаа болон тэр дундаа Минскийн энх тайвны тухай хэлэлцсэн талаар мэдээлсэн байна.
Түүнчлэн бие тавгүйрхсэн шалтгаанаа хангалттай ус уугаагүйгээс болсон гэдгээ хэлээд “Миний бие зүгээр. Санаа зоволтгүй” хэмээжээ.
2014 онд Меркелийн бие мөн л тавгүйтсэний улмаас телевизийн нэвтрүүлгийг хойшлуулж байсан удаатай. Энэ талаар түүний бие төлөөлөгч нь “Ямар нэгэн зүйл ууж, идсэний дараа Меркел үргэлжлүүлж чадна” гэж хэлж байжээ.