БНХАУ-ын дарга Си Жиньпин Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болсон ШХАБ-ын ХIХ хуралд оролцсон гишүүн орны төрийн тэргүүн нартай уулзаж, хэлэлцээр хийжээ. Тухайлбал, энэ сарын 13-нд Киргиз Улсын Ерөнхийлөгч Жээнбековтой хэлэлцээ хийсэн байна. Хоёр талт хэлэлцээрээр хоёр улсын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлээд, бүх талын стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаа санал нэгтэй илэрхийлжээ. Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр улсын хоорондох бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны баримт бичиг солилцох үйл ажиллагаанд оролцов.
Мөн өдөр Бишкек хотноо БНХАУ-ын дарга Си Жиньпин Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзлаа. Си Жиньпин юуны өмнө Токаевыг Казахстаны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, Хятад, Казахстаны харилцааны хөгжилд оруулсан түүний гарамгай хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Түүнчлэн БНЭУ-ын Ерөнхий сайдаар улиран сонгогдсон Модитой уулзжээ. Хятад болон Энэтхэг улс нь дэлхийн тэрбум хүн амтай, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн хоёр орон бөгөөд хөгжлийн чухал үе шатандаа яваа билээ.
Энэ үеэр Энэтхэгийн талтай хамт улам нягт түншийн харилцаа хөгжүүлэхээр хичээх болно гэдгийг Си Жиньпин онцолсон байна. Тэрээр "Хоёр тал харилцан бие биеэ хөгжлийн боломж хэмээн үзэж, харилцан заналхийлэхгүй байхыг баримтлах хэрэгтэй. Хамтын ажиллагааны зам сувгаа тасралтгүй өргөжүүлж, харилцан итгэлцэх арга барилаа эрчимжүүлэх хэрэгтэй. Чөлөөт худалдаа, олон талт үзлийг хамтдаа хамгаалж, хөгжиж буй орны зүй ёсны хөгжлийн эрхийг хамгаалах хэрэгтэй" гэжээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин Афганистаны Ерөнхийлөгч Ганитай уулзах үеэрээ Афганистаны тусгаар тогтнолын 100 жилийн ойд баяр хүргээд Афганистан улс энх тайван, тогтвортой байдлаа баталгаажуулж, хөгжин дэвшихийн ерөөл дэвшүүлжээ. "Хятад, Афганистан улс нь уламжлалт найрсаг хөрш, стратегийн хамтын ажиллагааны түншүүд юм. Бид Хятад, Афганистан, Пакистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Эх сурвалж: CCTV.COM