Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын амьдралаас сэдэвлэх “Түүх мартахгүй” уран сайхны киноны гол дүрийг гурван уран бүтээлч бүтээхээр шалгарчээ. Тодруулбал, Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулахаар болсон байна. Харин Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогджээ.
Харин ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээх юм. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ. Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллах аж. Харин киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Даваасүрэн нар ажиллах юм байна. Киноны зураг авалтын үлдсэн ажил энэ сараас эхлэх Монгол, ОХУ-д авах бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (11)