Цагаан ордны Ерөнхий төсөвлөгч Рассел Воут өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс болон Конгрессийн есөн гишүүнд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд Хятадын харилцаа холбооны технологийн "Huawei" компанид тавих хоригийг хоёр жилээр хойшлуулах талаар дурдсан байна. Тэрбээр энэ талаар “Үндэсний аюулгүй байдлын бодлого, зорилтуудын хэрэгжилтэд саад учруулахгүйн тулд” гэж тайлбарласан байна.
Өнгөрсөн 2018 онд гаргасан хуулийн дагуу 2020 оны төсвөөс эхлэн Пентагон худалдан авах тоног төхөөрөмж, техниктээ "Хуавэй" компанийн бүтээгдэхүүнүүдийг багтаахыг хориглосон юм. Уг хориг Трампын засаг захиргааны бүх яам, агентлагууд болон тэдний ханган нийлүүлэгчдэд үйлчлэх ёстой. Гэтэл хориг ирэх оноос хэрэгжиж эхэлбэл АНУ-ын Засгийн газарт шаардлагатай эд зүйлсийг ханган нийлүүлэгчдийн тоо эрс буурахыг уг захидалд өгүүлжээ.
"Huawei" компани нь дэлхийн том харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хамгийн үйлдвэрлэгч бөгөөд АНУ-ын олон компанийн бизнес, үйл ажиллагаа тус компаниас хамааралтай байдаг юм.
Эх сурвалж: Reuters