Бүгд Найрамдах Герман Улсын Олденбург, Делменхорст хотуудын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Нильс Хёгелд бүх насаар нь хорих ял шүүхээс оноолоо.
Тэрбээр сувилагчаар ажиллаж байхдаа 85 өвчтөний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Мөрдөн шалгах ажлын үеэр өвчтнүүдэд зориудаар зүрх судасны эмгэг үүсгэх тариа хийж хүндрүүлэн дараа нь сэхээж нэр хүнд олдог байсан гэнэ. Энэ хууль бус үйлдлийнх нь уршгаар цөөнгүй өвчтөн амиа алдсан байна.
Түүний эл үйлдлийгхамт ажилладаг сувилагч нь 2005 онд анх мэдэж, хуулийн байгууллагад мэдээлж байжээ. Тухайн үед Германы шүүх Хёгелд хүний амь хөнөөхийг завдсан хэрэг тулгаж, долоон жил шоронд хорих ялаар шийтгэж байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний амийг нь бүрэлгэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр 85 хүрсэн байна.
Өчигдөр Олденбург хотын шүүх 42 настай Нильс Хёгелд бүх насаар хорих ял оноожээ.
Түүний хохирогчид 34-96 настай байсан аж. Хёгел нь дайнаас хойших Германы түүхэнд хамгийн олон хүний амь бүрэлгэсэн цуврал алуурчин болж байгаа юм.
Үүнээс гадна тус улсад өвчтэй, бусдын гарт байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал ямар эрсдэлтэй түвшинд байгааг харуулсан явдал болжээ. Цагдаа нар Хёгелийн амийг нь хөнөөсөн хүмүүсийн тоо 200-д хүрнэ гэж үзэж байна. Одоогоор батлагдсан нь 85 байгаа юм. Гэхдээ Хёгел тэдгээрийн 43-ыг нь л хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд үлдсэн 52 тохиолдлыг нь зүгээр л санахгүй байгаагаа прокурорт мэдүүлжээ.
Эх сурвалж: The Guardian