Европын холбоог үгүйсгэгчид, үл итгэгчидэд ашигтай сонгууль болж өнгөрлөө
Европчууд сонголтоо хийлээ. Таван жил тутамд Европын холбооны 28 улсын иргэд хамтарсан парламентаа сонгодог. Өмнө нь энэхүү сонгуулийн ач холбогдлыг авч хэлэлцдэггүй байсан. Гэвч энэ оноос эхлэн өөрчлөгдөж байна. Энэ нь Европын парламентын нөлөө олон жилийн туршид тогтмол өсөж байгаатай холбоотой. Европын холбооны парламент нь Европын холбооны улсуудын нэгдсэн төсвийг батлах, Европын улс орнуудын засгийн газрын тэргүүн гэж хэлж болох Европын холбооны комиссын тэргүүнийг сонгодог юм. Үүнээс гадна Европын холбооны парламент нь гишүүн орнуудын хууль хэрэгжүүлэх журмыг баталдаг. Нөгөөтээгүүр баруун болон зүүний популист улс төрийн хүчнүүдийн нөлөө өсөж, улс орнуудын бие даасан хараат бус байдлыг түлхүү шаардаж, улмаар Европын холбоог үгүй хийхийг хүсэж байгаатай холбоотой. Ингэснээр тэд Дэлхийн хоёрдугаар дайны дараа гишүүн орнуудын голлох улс төрийн намуудын бий болгосон нэгдмэл Европын зөвшилцлийн эсрэг зогсож буй хэрэг юм. Европын холбооны гишүүн орнууд хамтдаа өргөжин тэлэх гэсэн улс төрийн зорилго үүгээр улам бүдгэрлээ.
2008 оноос бий болсон Европын орнуудын санхүү эдийн засаг, өрийн хямрал гишүүн орнуудад сорилт болж, улмаар төсөвтөө ихээхэн хэмнэлт хийх шаардлагатай болсон. Евро бүсийн өрийн хямралд орсон гишүүн орнуудыг төсвөө танах тэр дундаа нийгмийн халамжийг багасгах чиглэлийг Европын холбооны нийслэл болох Брюсселиэс өгч байсан. Ийнхүү нийгмийн халамжаа тануулсан иргэд дотоодын засгийн газар болон Брюссель дэх Европын комиссыг буруутгах болсон. Харин чинээлэг гишүүн улс орнуудын хувьд төсөвтөө хариуцлагагүй хандаж, буруу бодлого хэрэгжүүлсэн ядуу гишүүн орнуудын өрийг өмнөөс нь төлж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Ингэснээр еврогийн бүсэд нэмж гишүүн орнуудыг элсүүлсэнд иргэд шүүмжлэлтэй хандах болсон. Түүнчлэн 2015 оны дүрвэгсдийн хямрал иргэдийн дургүйцлийг улам дэвэргэж, гишүүн орнуудыг хилээ хаахыг уриалж, нэгдмэл Европыг бус бие даасан хараат бус улсыг шаардах болсон.
Дээрх хоёр шалтгааны улмаас Европын томоохон орнуудад баруун болон зүүн төвийн уламжлалт том намуудын нэр хүнд унасан. Өрийн болон дүрвэгсдийн хямрал нэмэгдсэнээр зөвшилцөл, буултад тулгуурласан эдгээр улс төрийн хүчнүүдийн бодлого дэмжлэг авахаа больсон. Том улс төрийн хүчнүүдийн сонгогчдын багагүй хувь зөвшилцөхөөс татгалздаг, нарийн төвөгтэй асуудалд энгийн хөнгөн шийдэл санал болгодог улс төрийн намуудад шилжсэн. 2016 онд Их Британид ард түмний санал асуулга болж, Брекситийг дэмжигчид ялалт байгуулсан. 2018 онд Италид баруун болон зүүний популистуудын засгийн газар байгуулагдаж, Герман, Франц, Швед зэрэг олон гишүүн улс орнуудад төлөвшсөн том намууд сонгуулиар улам бүр бага санал авах болжээ.
Энэ эгзэгтэй мөчид Европын холбооны 400 сая иргэн тавдугаар сарын 26-ны өдөр шинэ парламентаа сонголоо. Сонгуулийн дүн ямар байв?
1. 1989 оноос хойш Европын парламентын сонгуульд анх удаагаа ийм олон сонсогчид саналаа өглөө. Сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай гарсан нь харьцангуй өндөр үзүүлэлт байлаа.
2. Баруун болон зүүн төвийн томоохон намуудын хувьд хохирол ихтэй ч тооцоолж байснаас харьцангуй бага байсан. Гэвч сонгуулиас өмнө олонхийг бүрдүүлж байсан Европын конзерватив ардын нам, Европын социал-демократ нам олонхийн суудлаа алдлаа. Ингэснээр Европын парламентад олонх бүрдүүлэх үйл явц төвөгтэй бѳгѳѳд эгзэгтэй боллоо.
3. Европын холбоог үгүйсгэгчид, үл итгэгчид, тодруулбал баруун болон зүүний популистуудад маш ашигтай сонгууль болж өнгөрлөө. Тэд парламентад суудлын тоогоо өсгөж чадсан ч олонх болж чадсангүй. Тэдний нөлөөллөөс олон ажиглагчид болгоомжилж байсан. Гэвч тэд олонх болж чадаагүй учир бодитой нөлөөлөл үзүүлэх боломжгүй.
4. Ногоон намуудын дэмжлэг Европын олон орнуудад өсөж байна. Сүүлийн саруудад уур амьсгалын өөрчлөлт улам бүр чухал сэдэв болж, иргэдийн анхаарлын төвд байх болсон. Үүний нэг шалтгаан нь долоо хоног бүр хичээл хаяж, олны анхаарал татсан “Ирээдүйн төлөөх Баасан гараг” сурагчдын хөдөлгөөн байсан юм.
Энэ бүхнээс дүгнэхэд Европын улс төрд ирэх таван жилд хувьсгал хийгдэхгүй ч томоохон өөрчлөлтүүд гарах нь тодорхой боллоо. Европын холбоо наад зах нь Брекситийн улмаас зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай болно. Улам бүр нягт болсоор байгаа Европын улс орнуудын холбоондоо итгэх итгэл буурсаар байна. Бие даасан тусгаар улсууд цаашид ч Европын нэгдмэл байдлыг удаашруулж, зарим тохиолдолд буцаах ч магадлал бий. Гэвч Европын холбоо задрахгүй нь тодорхой. Сонгогчдын дийлэнх хувь нь Европын холбоог дэмжиж саналаа өгсөн. Ирэх жилүүдэд урьдын холбоотон болох АНУ-аас үзүүлж буй улс төр, ОХУ-аас цэрэг арми, Хятадын эдийн засгийн дарамт, шахалтад дунд буй Европын холбоо хир бат бөх байх вэ гэдгээ харуулах мөч ирэх болно.
Эцэст нь дурдахад: Европын улс орнууд дахь улс төрийн нөхцөл байдал болон улс төрийн намын тогтолцоо өөрчлөгдөж байна. Үүний үр дагаврыг урьдчилан харах боломжгүй байна. Сүүлийн олон арван жилд консерватив улс төрийн хүчнүүдийн түлхүү бий болгосон чинээлэг дундаж давхарга, нийгмийн баялгийг нийт иргэдэд тэгш хуваарилах бодлого баримталдаг социал-демократ намуудын бодлогод өөрчлөлт орох нь тодорхой. Үүнийг Европын парламентын сонгуулиар уламжлалт том намууд ялагдал хүлээснээс гадна Ногоон намууд болон барууны популист хүчнүүд хүчирхэгжсэнээс харж болно. Учир нь өнөө үед өндөр хөгжсөн Европын орнуудад материаллаг асуудлын талаарх маргаан багасаж цагаачлал, цаг уурын өөрчлөлт зэрэг соёлын болон байгаль орчны асуудалд анхаарал хандуулах болжээ. Засаг барьж байсан улс төрийн намууд эдгээр асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой болсон. Тэд эдгээр өөрчлөлтийг үл тоомсорлосон. Энэ нь ялангуяа Германд илүү тодорхой харагдсан. 60-аас доош насны сонгогчдын дийлэнх нь Ногоон намыг сонгосон. Ингэснээр том намуудын цаашид оршин тогтнохын төлөөх тэмцэл эхэллээ гэсэн үг.