Эх орон, төрсөн нутаг, уул, ус... хаанаас, юунаас эхлэлтэй, ямар ухагдахуунтай үг бэ. Магад зарим хүнд төрсөн ээж, аав, гэр бүлээс нь ялгаагүй дотно санагдах тийм л гүн утга агуулгатай байх. Гэтэл нутаг, нутаг гэж цээжээ дэлдэх зарим иргэдийн хувьд зүгээр л нэг хоосон үг төдийхөн бололтой. Яг ийм бодол төрж, сэтгэл урж, харууслын гуниг төрүүлсэн мэдрэмжийг одоогоос хэд хоногийн авсан юм.
Зэвэргэн салхи хавирга нэвтэлж, хүйтэн бороо хувцас норгосон өдөр болоод ч тэр үү, говь нутгийн үзэмж тийм ч таатай биш харагдана. Энэ цаг дор өмнийн шаргал говийн элсэн манхан дундах Ханбогд сум алсаас дүнсийн уйтгартай харагдах нь сэтгэлд эгшээсэн өнөөх бодлыг үлдэн хөөх аж. Учир нь “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалттай зэрэгцэн Ханбогд сумын сэргэн мандалт эхэлсэн тухай мэдээлэл цацагдахад говь нутгийнхны нуруу тэнийж, ахуй амьдрал нь дээшилж, нутаг, усаа хөгжүүлж байгаа юм байна даа гэж бодсон. Энэ л горьдлогыг тээсээр тус суманд ирээд ийн урам хугарсан нь энэ.
Говь нутгийнхны амьдрал дээшилжээ. Гоё ганган хашаатай гэж жигтэйхэн юм. Ганган хашаа бүрт том том хаус сүндэрлэж байна. Хаус бүрийн гадна 2-3 машин дэнхийж байна. Приусээс эхлээд том жип машинууд гудамжаар сүлжилдэх нь сүрдмээр. Даана ч энэ бүхэн зөвхөн хэрэглээ төдий хоосон зүйл. Учир нь өмнийн говьчууд ганган хашаа, чамин хаус, том машинтай атлаа хашаандаа, гудамжиндаа мод, бут тарьсан нь хэд гуравханаас цааш хэтрэхгүй харагдана. Тоолоод үзье, нүхлээд харая гэсэн ч гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Бүхэл бүтэн 7000 иргэний дунд шүү дээ. Уг нь “Оюутолгой”-н гэрээт компани тус суманд говь нутгийн уугуул ургамлыг тарьж, үржүүлдэг юм байна. Тус үржүүлгийн талбайд нутгийн бүхий л төрлийн ургамлаас гадна нэн ховордсон ургамлыг хүртэл өсгөн бойжуулсан байх аж.
Үржүүлгийн талбай алсаас ногоорон харагдах нь Ханбогдын ганц нүд хужирлах “эрдэнэс” гэлтэй.
Хашаагаар орохтой зэрэгцэн ногоон байгууламжийн сэнгэнэсэн анхилам үнэр хамар цоргиж, үзэсгэлэнт төгөлийн гоо үзэмж нүд баясгаж, сэтгэл сэргээв. Хүлэмжинд суулгацаа төлжүүлсний дараагаар ил талбайд гаргаж, хөрсөндөө суулгах бөгөөд жилийн дараагаас нөхөн сэргээлтийн талбайд гаргадаг. Энэ цикл жилийн дөрвөн улирал тасралтгүй үргэлжилдэг гэсэн.
“Оюутолгой” компанийн хувьд 2013 оноос загийн бортоготой суулгацын тариалалт хийж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар 70 га орчим талбайд суулгац суулгаж, арилчилгааг нь хийж байна. Говь нутагт 70 га талбай гэдэг бол маш их тоо. Нэг ширхэг суулгац суулгаж, түүнийгээ ургуулахад ихээхэн хичээл зүтгэл гаргадаг. Үүнийнхээ үр шимээр хөрсний усаа хамгаалаад зосохгүй, элсний нүүдлийг барих сайн талтай. Тарьж, тордсон мод, сөөгөө нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайд гаргаж, тарих ажлыг “Оюутолгой”-н ажилчид өөрсдөө хариуцан ажилладаг. Ингэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуйд үнэ төлбөргүй өгөөд зогсохгүй, суулгацыг анх суулгахаас эхлээд нас биед хүртэл нь арчилгаа, тордолгоон дээр нь тусалж дэмждэг байна.
Хамгийн гол нь энэ бүх процесс үнэ төлбөргүй. Үнэгүй юмыг ашиглаад хашаагаар дүүрэн мод тарьчихмаар санагдана. Гэвч тэд тэгсэнгүй. Тэгэх сэтгэл ч алга. Уг нь Ханбогдчууд хүнээс үнэгүй юм царай алдаад байх хэмжээий ядарсан улс биш. Тус сум нийтдээ 7000 орчим хүн амтай. Үүн дээр Оюутолгойд ажилладаг, ирж, очин байдаг иргэдийг нэмбэл бараг 12 мянга орчим болно. Явуулын хүмүүсийн хувьд олонх нь дэн буудлаар байрладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шилжин ирэгсэд олноор нэмэгдсэн. Бүр Улаанбаатарын утаанаас зугтаж, Ханбогдод өвөлжчихөөд буцдаг гийчид хүртэл цөөнгүй гэсэн. Энэ мэтчилэн ганган хашаа, том хаус, бандгар жийпнээс үзвэл тус суманд амьдардаг хүмүүс нэг байтугай нэлээд хэдэн бут, сөөг тарьчих бэлтэй, хөрөнгөтэй хүмүүс. Гэсэн атлаа ганц, хоёрхон бут аваад хашаандаа тарьчих сэтгэлгүй гангарч сууна.
Сумын хувьд сургууль, цэцэрлэг гээд тоотой хэдхэн албан байгууллагын хашаанд мод, сөөг тарьсан байх. Харамсалтай нь үүнийг нутгийн иргэд гэхээс илүүтэй өнөө л Оюутолгойн санал санаачилгын хүрээнд ажилчид нь тарьжээ.
Дээр нь хэдхэн жилийн өмнө нь хөрсний ус эс бөгөөс гүний худагны хужир, шүүтэй усаар амны цангаагаа тайлдаг байсан Ханбогдчууд өнөөдөр хэд дахин цэвэршүүлсэн гүний усыг хоолойгоор дамжуулан авч, шүдээ угааж байна. Усыг бол бараг л үнэгүй хэрэглэдэг юм билээ. Нийслэлийн зарим гэр хороолол шиг олон км-ын цаанаас ус зөөнө гэж зүдрэх юм алга. Алаг дарам сумын төвд дөрвийн дөрвөн гүнийн худаг байна. Ая тааваа тааруулаад, ахиухан мод, зүлэг тарьчихаад сүүдэрт нь тарвалзаж суусан ч Ханбогдчуудын дур байлтай. Гэсэн ч тэдэнд тийм хүсэл, сэтгэл алга болох нь харагдсан юм.
Энэ бол юу ч биш. Ханбогд сумыг алсаас харахад цоохор эрээн нүүртэй хүн шиг л харагдана.
Ойртоод очихын хэрээр гялгар уутнаас эхлээд элдэв хог энд тэнд хийсэх нь хийсч, эсвэл бутанд торсон зарим нь салхи исгэрүүлэн сэрчигнэнэ. Энэ бүхэн нь цаанаа л эвгүй харагдах аж. Хэчнээн цэвэрлээд ч нэмэргүй. Учир нь хашаа болгонд шинэ хаус сүндэрлэхийн хэрээр барилгын материалын хаягдал хог болон “үйлдвэрлэгдэнэ”. Энэ бүх хаягдал мэдээж хогийн цэгийг зорино. Хогийн цэг гэх зүйл нь ил задгай. Хүчтэйхэн шиг салхи сэвэлзэх төдийд л өнөөх хог новш нь энд тэндгүй хийсч, заг, тоорой зэрэг модыг “чимэглэх” нь жихүүдэс төрүүлнэ. Хогондоо дарагдаж, ногоон байгууламжийн гачигдалд орсон Ханбогдчууд ийм л байр байдалтай байна.
Өөрсдийн нөөц боломжоо дайчлаад хажуу хавиргаа цэвэрлэж чадахгүй хэрнээ “Төр засаг болохгүй байна. Уул уурхайн компаниуд бага татаас өгч байна” гэнэ. Худалч хүнд ирээд хашаа цэвэрлэ гэх нь холгүй.
Зөвхөн Ханбогдчууд ч гэлтгүй. Зэргэлдээ сум, Өмнөговь аймгийн төв хүртэл ийм нөхцөл байдалтай байх аж. Мод үржүүлгийн талбайгаас мод авахыг хүсвэл үнэ төлбөргүй өгдөг гэж дээр хэлсэн. Ийм байхад л аймгийн төв, зэргэлдээх сумынхан үл ойшоодог байна.
Өмнөговь аймгийн Засаг даргаар Н.Наранбаатар, Тамгын даргаар нь Ө.Баянмөнх гэж хүн бий.
Нас залуу, цус шингэн залуу хүмүүс. Эрч хүчтэй, санал санаачилгатай ажиллана гэж энэ албан тушаалд тухалсан байлгүй. Гэтэл тэдний хийж бүтээсэн зүйл хаана байна вэ.
Тус аймгийн хувьд ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс "Тавантолгой", "Оюу толгой", "Нарийнсухайт" гэсэн стратегийн ач холбогдолтой гурван томоохон ордтой. Дээр нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд "Оюутолгой", "Тавантолгой", "Эрдэнэставан толгой", "Энержи ресурс", "Мөнх ноён суварга", "Дун юань", "Олон овоот гоулд", "Зөв зүг", "МАК", "Чинхуа-Мак-Нарийн сухайт", "Саус гоби сэндс", "Өсөх зоос", "Терра энержи", "Жавхлант" орд зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс их бага гэлтгүй аймгийн данс руу мөнгө ордог. Дээр нь нийгмийн хариуцлагын хүрээнд бага гэлтгүй ажил зохион байгуулдаг. Гэсэн атал говь нутаг хогондоо дарагдаж, элсэндээ живж байхад улс төрийн намчирхал төдийхнөөс хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Бусад сумдын Засаг дарга нар ч ялгаа алга.
Ерөөс ганц нэгхэн хувийн байгууллагууд л мод тарих хүсэлт гаргаж байснаас биш төрийнхөн бол таг гэдгийг тус үржүүлгийн ажилчид хэлсэн. Өнөөдөр элсний нүүдэл газар авч, Монгол Улсын нийт газар нутгийн дийлэх нь цөлжилтөд өртөөд буй. Элсний нүүдлийг сааруулах цор ганц арга бол ногоон байгууламжийг олноор бий болгох.
100 гаруйхан км-ын цаана хятадууд ойн хот байгуулчихаад бидэн рүү марсайн инээж байна.
Гэтэл монголчууд бид тэр дундаа БНХАУ-тай хил залгаа, улсаас татаас авдаггүй хамгийн баян аймаг гэгддэг Өмнөговь өнөөдөр ийм байр байдалтай дүнсийн байна. Ингэж болно гэж үү. Муухайгаар хэлбэл, “Хоолоо аягалаад ид ээ” гээд бэлдээд өгчихсөн байхад л аягалаад идчих сэтгэлгүй. Амаа ангайн хэвтэх мэт харагдаж байна.
Тиймээс нэг л асуулт асууя.
Өмнийн говьчууд аа, нутгаа хайрлаж мод оо тавьж, хогоо цэвэрлээч ээ. Нутаг, нутаг гэж цээжээ дэлдэх атлаа нутгаа хайрлах сэтгэл тань хаана гээгдчихээ вэ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (61)