Хөл, толгой нь олдохоо байсан байгууллагаар Улсын Дээд шүүх тодорч байх шиг байна. Уг нь бол тус байгууллага нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар хүлээдэг. Хуулиар бүрэн эрх эдэлдэг шигээ Шүүхийн ерөнхий зөвлөлд өөрийн төлөөлөлөө илгээх үүрэгтэй. Гэсэн атал хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлэлгүй бараг зургаан сар болох гэж байна. Учрыг тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх ёстой бөгөөд дундаасаа даргаа сонгодог хуультай. Уг бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхээс О.Зандраа шүүгч гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Гэтэл 2019 оны нэгдүгээр сард тэтгэврийн нас хүрсэн гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг чөлөөлсөн юм.
Хуулиар чөлөөлөгдсөн гишүүний орны хүнийг 30 хоногийн дотор нэр дэвшүүлж, ШЕЗ-д илгээх ёстой. Гэтэл үнэн, худлыг дэнслэх учиртай Улсын Дээд шүүх нь өөрөө хуулиа дагаж мөрдөхгүй байсаар өнөөг хүрээд байна. Ийнхүү хуулиа дагаж мөрддөггүй Дээд шүүхийн балагаар Шүүхийн ерөнхий зөвлөл гар мухардах нь шахуу ажиллаж байх хооронд ШЕЗ-ийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж болон тус зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун хоёрын бүрэн эрхийн хугацаа энэ тавдугаар сард дуусав.
Эдгээр эрхмийн гарал үүслийг нь ярьвал Н.Лүндэндорж нь анх 2013 онд Хууль зүйн яамнаас Ерөнхий зөвлөлд нэр дэвшин сонгогдсон бол 2016 онд анхан шатны шүүхээс дахин нэр дэвшиж, улмаар зөвлөлийн даргаар нь улиран томилогдож байв. Тэрбээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын клубын эрхлэгчээс МУИС-ийн багш, тэнхмийн эрхлэгч, салбар сургуулийн дэд захирлын албыг хашиж байгаад Хууль зүйн сайдын зөвлөх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажилласан туршлагатай. Ингээд 2013 оноос ШЕЗ-ийг удирдаж өдий зэрэгтэй хүргэсэн хүн юм.
Тэгвэл Д.Эрдэнэчулууны хувьд эхний удаад Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа, хоёр дахь удаагаа Давж заалдах шатны шүүхээс улирсан нэгэн.
Түүний намтарыг сонирхвол, Улаанбаатар хотын Улсын нотариатын конторт улсын нотариатч, Нийслэлийн нотариатын газрын дарга, ШЕЗ-д мэргэжилтэн, улмаар 2000-2013 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албыг хашиж байгаад 2013 оноос ШЕЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Эндээс тэрбээр шүүхийн байгууллагад ажиллаж байсан ч шүүгчээр ажилласан туршлагагүй гэдэг нь харагдсан байх.
Тэгвэл тус зөвлөлийн дээрх хоёр гишүүний орыг залгамжлагчийг тодруулах марафон албан ёсоор маргаашнаас эхлэх гэж байна.
Зөвлөлийн дээрх хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусснаар Хуульчдын холбооноос сонгогдсон В.Оюумаа, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сонгогдсон Э.Батбаяр гэсэн хоёр гишүүн ажил үүргээ гүйцэтгэж байна.
2012 онд шүүхийн багц хуулийг баталсан тэр үеэс шүүх засаглалыг “тэргүүлэх”-ээр байгуулагдсан тус байгууллага өдгөө гурав дахь удаагийнхаа сонгуулийг ирэх зургадугаар сарын 6-нд зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар тооллогын комисс байгуулагдсан бол сэнтийн төлөө өрсөлдөх хүмүүсийн нэрс маргааш тодрох юм. Одоогийн байдлаар анхан шатны шүүхээс 10 гаруй шүүгч нэрээ дэвшүүлэх “шуум” байгаа бол хяналтын шатны шүүхээс үүнээс дутахааргүй шүүгчдэд санаархал бий гэх мэдээлэл байна.
Энэ удаагийн сонгууль өмнөх хоёр сонгуулиасаа өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна. Учир нь өмнөх сонгуульд шүүгч нар болоод хуульчид төдийлөн ач холбогдол өгөөгүй. Тиймдээ ч нэр бүхий хэд хэдэн хүмүүс хоёр дахин улиран сонгогдсон байдаг. Харин сүүлийн жилүүдэд шүүх засаглалд өрнөж буй асуудалтай холбогдуулан шүүгч нарын дунд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд багтах сонирхол давамгайлсан бололтой юм. Энэ ч анхан шатны шүүхээс 10 гаруй хүн нэрээ дэвшүүлэхээр санаархаж буйгаас харагдах байх. Тэгвэл тус зөвлөлийн дарга болон гишүүнээр хэн сонгогдох вэ.
Дээд шүүхийн төлөөлөл тус зөвлөлийн даргаар сонгогдох магадлалтай, ийм тохироо эхнээсээ хийгдэж эхэлсэн гэж жиргэх бор шувуу байх бол анхан шатны шүүхээс сонгогдсон төлөөлөлийг зөвлөлийн даргаар томилох сонирхол шүүгч нарын дунд байгаа аж. Учир нь зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан цөөнгүй хүмүүс шүүгчийн туршлагагүй байсан. Тиймдээ ч туршлагагүй хүн зөвлөлийг тэргүүлэх эрхгүй гэж үзсэн бололтой юм. Энэ утгаараа энэ удаагийн сонгуулиас эхлэн гал тогооныхоо хүнийг сонгох нь зүйтэй гэдэг байр суурьт нэгдсэн бололтой. Энэ нь ч зөв болов уу. Учир нь ШЕЗ нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, шүүгчийг шилж сонгох, хууль ёсны эрх ашгийг хамгаалах зэрэг үүргийг хуулиар хүлээдэг. Энэ ч утгаараа шүүх байгууллагыг “толгойлдог” гэж болно. Тиймдээ ч зөвлөлийн суудлын төлөөх марафон ширүүхэн болох нь дамжиггүй.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсад ажилладаг 500 гаруй шүүгч дундаас хоёрхон хүнийг сонгох тийм ч хялбар даваа биш.
Үүн дээр Улсын Дээд шүүх өнөөг хүртэл төлөөлөлгүй байгааг хэлсэн. Улсын Дээд шүүхийн хувьд Ерөнхий шүүгч Ц.Зоригт энэ оны эхээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргаж, ажлаа хүлээлгэж өгсөн. Үүний дараа Д.Ганзориг шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилохыг шүүгчдын олонх нь дэмжсэн боловч Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй. Тиймдээ ч Х.Батсүрэнийг Ерөнхий шүүгчээр томилсон байдаг. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох энэ процесс багагүй хугацаанд өрнөсөн нь ШЕЗ-д төлөөлөлөө илгээхгүй байх шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ зарим хуульчдын харж байгаагаар Дээд шүүхийн шүүгчдын нэр хүнд нийгэмд унасан. Тодруулбал, тус шүүх нь 24 шүүгчтэй байх ёстой. Үүнийг нь хуульд тусгайлан зааж өгсөн. Гэвч одоогийн байдлаар 23-хан шүүгчтэй буюу хуулиар заасан тоондоо хүрэхгүй байгаа.
Дээр нь авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож, хэрэг нь “хаагдсан, хэрэгсэхгүй” болсон шүүгчид цөөнгүй бий.
Тиймдээ ч ШЕЗ-д дотоод боловсон хүчнээсээ бус гаднаас нэр дэвшүүлэх магадлалтай юм. Аль нь ч бай, Дээд шүүхээс хуулиа дагаж мөрдөхгүй байх шалтаг, шалтгаан байх учиргүй. Тиймээс ойрын хугацаанд өөрийн төлөөллөө ШЕЗ-д илгээнэ гэж найдая. Үүнээс урьтаад Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нарын орыг хэн залгамжлах бэ гэдэг асуултын хариулт сонин биз ээ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (17)