“Оюутолгой”...Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ олны анхааралд өртсөн цагаас хойш дуулиан шуугиан дагуулсаар олон хаврыг ардаа үджээ. Яг энэ цаг үед уг төсөлтэй холбоотой сайн, муу мэдээ ар араасаа хөвөрч, тэр хэрээрээ иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. Энэ нь ч аргагүй юм.
Өнөөгийн тооцооллоор “Оюутолгой”-н бүлэг орд нь нэг тонн хүдэрт 0.5 хувийн агуулгатай зэс, алт 0.0018 хувь, мөнгө 0.0038 хувиас бүрддэг байна. Түүнчлэн нийт нөөцийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог. Ийм атал газрын гүн дэх баялагаа “ашиг багатай гэрээгээр барьцаалах хэрэг байна уу” гэх нэгэн байхад сэхээнд орсон эдийн засагт амь тариа болох цөөн боломжийн нэг гэж хэлэх нь ч бий.
"Оюутолгой"-н төсөл ашигтай байх эсэхээс үл хамаарч Өмнийн их говьд бүтээн байгуулалт ундарч, залуус ажиллаж байна. Эгнээндээ 1000 гаруй аж ахуйн нэгж, 16 мянган залуусыг нэгтгэж чадсан уг төсөл Монголдоо байтугай дэлхийд томоохонд тооцогддог. Энэ утгаараа дэлхийд гуравханд тооцогддог технологийг ашиглаж, хүдэр олборлож буй.
Ил уурхайгаас өдөрт 100 мянга орчим тонн хүдэр олборлож, үүнээсээ 22 хувийн зэсийн агууламжтай 1500 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Бүр тодруулбал, хоёр тонн зэсийн баяжмалыг хайлуулахад 400 кг зэс, 40 грамм алт, 100 грамм мөнгө гаргаж авдаг байна.
1995 оноос хайгуул хийж, улмаар 2009 онд “Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсанаар 11 хүний бүрэлдэхүүнтэй гараагаа эхэлсэн бол өдгөө 16 мянган ажилтантай болсон гээд тус төсөлтэй холбоотой тоо баримтыг дурдаад барахгүй. Тиймээс "Оюутолгой"-н гэрээний хүрээнд өрнөж буй асуудал гэхээс илүү бодит байдал дээр өрнөж буй бүтээн байгуулалтыг энэ удаагийнхаа нийтлэлээр онцолж байна.
1300 МЕТРИЙН ГҮНД 200 КМ УРТ ХОНГИЛ БАРЬЖ БАЙНА
Өмнийн их говийн цээжинд “Оюутолгой”-н кэмп боссоноос хойш гүний уурхайд 600 уурхайчин нэг ээлжинд ажилладаг гээд тооцвол өдөрт 1200 гаруй хүн гүний уурхайн бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж байна.
Ийм олон хүний хийж, бүтээсэн бүхнийг ширхэгчлэн танилцуулах хэцүү. Тиймдээ ч тус төслийн зүгээс уурхайн талаар мэдээлэл, ойлголт авахыг хүссэн иргэдэд боломж гаргаж өгдөг ажээ. Ийнхүү газрын гадаргаас 1300 метрийн гүн дэх гайхамшигийг үзэхээр сэтгүүлчдийн бэсрэгхэн баг энэ сарын 17-нд Өмнийн говьд хоёр хоног саатав. Алтан шаргал элс, халуунаар төөнөх нар зэрэгхэнээр төсөөлдөг говь нутгийн цаг агаар энэ жил багагүй ааштай байгаа аж. Онгоцноос буух үед хүйтэн салхи хавирга нэвт үлээж, бороо шаагих нь тэнгэрийн заадаст сүүмийн харагдах элсэн манхануудыг улам уйтгартай дүнсийн харагдуулах аж. Ханбогд нисэх онгоцны буудлаас “Оюутолгой” гүний уурхай хүртэл ердөө 10 гаруйхан км. Нийтдээ 10*8 км талбай бүхий тус уурхайд ажилчдын гурван суурин, зэс баяжуулах үйлдвэр, гүнийн уурхайн ам, автомашины засварын газар, спорт заал гээд маш олон барилга байгууламжийг цогцоор шийджээ. Эгнээндээ 1200 гаруй компанийг туслан гүйцэтгэгчээр элсүүлсэн бол эдгээрээс 700 орчим нь дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд. Сэтгүүлчдийн үндсэн зорилго бол кэмпийн үйл ажиллагаатай танилцах гэхээс илүүтэй гүний уурхайд өрнөж буй бүтээн байгуулалт сонин байсан тул уурхайн гүн рүү нэвтрэхээр яаравчилсан юм.
Уурхайн гүн рүү эхний ээлжинд ашиглалтад орсон босоо амаар доош буудаг. Газрын гадаргаас доош 1300 метр гүнд буюу “Блю скай” цамхагийг 12 давхарласантай тэнцэх хэмжээтэй уурхайн гүн рүү нэвтрэхэд ердөө дөрөвхөн минут л хангалттай.
Өөрөөр хэлбэл, 5.4 метр/секүнт хурдлах лифт өдөрт дунджаар 47 удаа буюу 61 км замыг туулдаг юм байна. Газрын гүнд нийтдээ 200 км урт түнель барих ёстойгоос одоогоор 30 км ашиглалтад оржээ.
Ингэхдээ хонгилууд нь дийлэнх хэсэгтээ 5.5м өндөр, таван метр өргөнтэй, үргэлжилсэн шулуун биш, олон үет байна гэж тооцоолжээ. Өдгөө үүнээс 30 км нь ашиглалтад орсон бөгөөд энд автомашин засвар, оффис зэргийг байршуулсан байна.
Гүний уурхайд өглөө 6.45 цагт, орой 18.40 цагт тэсэлгээ хийдэг. Энэ үеэр бүх ажилчдыг газрын гадарга руу гаргадаг гээд аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримтлан ажилладаг. Хэрэв зээ, “Оюутолгой”-н төсөл монголчуудад ашигтай байгаад өгөөжөө өгч чадвал монголчууд үнэхээр ажил хийж сурч байна. Нөгөөтэйгүүр, оюуны их мэдлэгийг өөртөө хуримтлуулж чадаж байгаа нь эндээс харагдсан юм.
Гүнийн уурхайд ашиглаж буй машин техникийг эд ангиар нь салгаж оруулан, газрын гүнд угсардаг. Түүнчлэн газрын гүнд ашиглах төрөл бүрийн тос, тосолгооны материал, бензин шатахууныг тусгай хоолойгоор дамжуулдаг гээд бүх зүйлийг автоматжуулсан байдлаар хийж гүйцэтгэжээ. “Оюутолгой”-н ордын зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийт 12 км сунан тогтох бөгөөд үүнд Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут хүдрийн биет болон Херуга хүдрийн биет ордог аж. Одоогийн байдлаар далд уурхайг 2021 онд эхний ээлжийг ашиглалтад оруулах бөгөөд эндээс олборлосон зэсийн агууламж нь 1.5 хувьтай байна гэж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Үүнийг олборлохын тулд гүний уурхайн иж бүрэн цогцолборыг блокчлон олборлох орчин үеийн технологи ашиглан барьж байгаа юм байна. Блокчлон олборлох аргачлал нь техникийн хувьд нарийн төвөгтэй боловч хамгийн аюул багатай, хамгийн үр ашигтайд тооцогддог гэдгийг тус уурхайн ажилчид хэлсэн. Ингэснээр Хюго Дамметтын хойд бүс дэх блокчлон олборлох арга нь “Оюутолгой”-г урт хугацааны, тогтвортой үйлдвэрлэгч, дэлхийн зэсийн зах зээлд голлох тоглогчийн нэг болгоно гэдгийг мөн онцолсон нь энэ төрлийн аргачлал Монголын хөрсөнд нутагших замналыг зурж буй хэрэг ажээ.
Уурхайн 1300 метрийн гүнд түнель барьснаар эхлээд дээд хэсэгт байрлах хүдрийг нураах байдлаар олборлох юм байна. Үүнийгээ олборлож дууссны дараа дахин түнель ухах замаар доод үеийнх нь хүдрийг олборлох аж.
Ерөнхийдөө “Оюутолгой”-н газрын гүн доошоо 2000 метр хүртэл ухах ерөнхий төлөвлөгөө байгаа гэсэн.
Уурхайд хамгийн түрүүнд “ТЭГ ОСОЛ, ТЭГ ЗӨРЧИЛ” гэсэн уриатайгаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. Ингэхдээ маш олон төрлийн судалгаа хийсний үр дүнд гүнийн уурхайд найман төрлийн осол гарах эрсдэл байх магадлал гэж тооцоолсон байна. Үүний эхэнд галын осол бичигдсэн бол агааргүйтэх, хөрсний нуралт зэргээр шат дараалалтайгаар ангилжээ. Хэрвээ галын осол гарсан тохиолдолд галыг автоматаар унтраах тохируулгаас гадна 36 цагийн турш ослоос бүрэн хамгаалж чадах хоргодох байрыг ажилчдын нягтралыг тооцоолж байршуулжээ. Мөн уурхайчин бүр байршил тодорхойлогч ашиглахаас гадна 30 минут хүчилтөрөгчөөр хангах багийг биедээ авч явдаг. Энэ мэтчилэн газрын гүнд үүсч болох бүх эрсдлээс хамгаалж, урьдчилан сэргийлж чадснаас харвал “Оюутолгой” бол хариуцлагатай уул уурхайн жишигийг тогтоож буй төсөл гэж хэлэхэд онох болов уу.
Иргэдийн хамгийн ихээр сонирхдог бас эргэлздэг асуултын нэг нь тус бүс нутгийг цахилгаанаар хангах ёстой цахилгаан станц хаана байна бэ гэдэг асуудал. Эл асуулт уурхайчдад тийм ч сонин биш гэдэг нь энэ үеэр харагдсан. Учир нь уурхайчдад осол, авааргүйгээр ажил үүргээ гүйтэтгэх нь чухал болохоос биш улс төрийн тавцанд өрнөж байгаа дуулиан тийм ч сонин биш аж. Зарим албаны хүмүүсийнх нь хэлснээр “Оюутолгой”-д цахилгаан станц барихаар бэлтгэл ажлаа хангасан байсан. Гэтэл Тавантолгойд барих Засгийн газрын шийд гарсан. Тавантолгойд нь барихаар болтол дахиад л шийдээ өөрчилсөн. Тиймээс уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд хятадаас 100 орчим км шугам татаж, тог татсан гэдгээ учирласан юм. Үе үеийн парламентийн зүгээс ямар, ямар шийд гарч байсныг иргэд андахгүй болохоор ажилчдын ойлголтыг ямар нэг дүгнэлт, нэмэлт хачиргүйгээр ийн тусгаснаа хүргэлээ.
Нөгөөтэйгүүр, хятадаас татсан цахилгааны шугамд онцлохоор нэг зүйл байснаа энд дурдахгүй өнгөрч боломгүй санагдсан. Энэ бол цахилгааны шугмын дээд талын утсанд шувууны тархинд дохио дамжуулагч суурилуулсан явдал. Учир нь шувуу өмнөх замаа нүдээрэээ бус тархинд ирсэн дохиогоор нисэх замаа тодорхойлдог байна. Тиймдээ ч өмнөө байгаа цахилгааны утсыг мөргөж үхэх эрсдэлтэй учир үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс дохио дамжуулагч суурилуулжээ. Энэ нь мөн л Монголдоо анхдагч гэдгээрээ Оюутолгойчууд бахархдаг юм байна.
ДОЛОО ХОНОГТ 12 ЛААЗ ПИВО УУХ ЭРХТЭЙ УУРХАЙЧИД
Аливаа уурхайд ажилладаг ажилчдыг ажлын цагаараа үндсэн ажлаа хийж, бусад цагт унтаж амрах мэтээр л чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэсэн ойлголт нийтийн дунд байдаг. Тэгвэл "Оюутолгой"-д ажилладаг 10 гаруй мянган иргэний ая тухтай байдлыг хангах үүднээс спорт заал, кино театр, музей, урлагийн танхим, паб баар зэргийг байгуулжээ. Паб баарны хувьд долоо хоногт гурван удаа үүдээ нээдэг. Энэ үеэр ажилчид дөрвөн ширхэг пиво эсвэл дөрвөн хундага вино уух эрхтэй. Үүнээс илүү хэрэглэвэл ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж төслийн зүгээс үзсэн учраас ийм хатуу шаардлага тавьдаг аж.
Учир нь өмнө нь паб баар долоо хоногийн долоо өдөр ажиллаж, ажилчид нь хүссэн хэмжээгээрээ уух эрхтэй байж.
Гэтэл цаг хугацааны эргэлтэд энэ нь буруу хэвшил болох нь батлагдсан байна. Тиймээс л ийм зохицуулалт хэрэглэх болсон нь энэ. Биднийг очих үеэр паб баар ажилладаг өдөр тохиосон юм. Баарны үүдээс эхлээд л хөл тавих зайгүй шахуу олон хүмүүс гартаа хоёр, хоёр пиво барьсан харагдсан. Баарны гадаа эгнүүлэн өрсөн олон сандал, ширээ байх агаад тэнд ч бас суудалгүй байв. Нэг удаадаа 600 хүн энэ баараар үйлчлүүлдэг гэж тооцвол өдөрт дунджаар 2400 ширхэг пиво зарагддаг байна. Үүнийг долоо хоногийн гурван өдөртөө үржүүлбэл 7200 ширхэг пиво. Эндээс л “Оюутолгой” нь бизнесийн ямархуу том орон зай байгааг харж болохоор юм.
Энд таалагдаагүй нэг зүйлээ дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Учир нь баарны үйлчлэгч тогтмол цэвэрлэгээ хийхийн зэрэгцээ тав алхаад хогийн сав байршуулсан байх аж. Гэтэл залуус уусан пивоны лаазаа хогийн саванд бус энд тэндгүй базаж хаях, эсвэл ширээний завсраар чихэхийг хараад сэтгэл жаахан гонсойсон. Уг нь пиво худалдаж авахдаа кассанд тэсвэртэйгээр дугаарлаж чадсан шигээ уусан пивоныхоо хоосон лаазыг хогийн саванд хийгээд сурчихсан бол гэдэг сэтгэгдэл төрсөн юм.
Энд бас нэг зүйлийг онцлоход “Оюутолгой”-н кэмп тэр дундаа ажлын талбар дээр тамхи татахыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хориглосон байна. Зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт л тамхи татах ёстой. Хэрвээ энэ журмыг зөрчвөл “бангадуулах” аюултай гэдгийг ажилчид хэлсэн. Ээлжинд ажиллах 12 цагийн турш тамхи татахгүй байх нь зарим нэг хүмүүст их хүндрэлтэй байж. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр тамхиа үгүйлэх нь цөөрсөөр удалгүй цөөнгүй ажилчид тамхинаас гарсан гэдэг сайхан мэдээг дуулгасан юм.
Ийнхүү "Оюутолгой"-н зарим уурхайчид паб бааранд пиво сөгнөж байхад зарим нэг хэсэг нь “спирт бус спорт”-ыг сонгож буйтай таарсан юм. Энд фитнес, аеробек, иогийн заалнаас гадна сагс, гар бөмбөгийн хэд хэдэн заалтай. Спортлог залуусаас бүрдсэн лигийн хэд хэдэн багтай. Тэдгээр нь улс, бүсийн тэмцээнээс цөөнгүй “юм” дуулгасан гэдгээс эхлээд дурдаад байвал цөөнгүй амжилтийг “Оюутолгой”-д авчиржээ. Аливаа албан байгууллагын хувьд ажилчин нэгдүгээрт бичигддэг зарчимтай. Тус төслийн хувьд ч энэ зарчмыг баримталдаг болох нь энэ мэт олон зүйлээс ажиглагдсан юм.
Тус уурхай өдөрт дунджаар 35 мянган метр куб ус хэрэглэдэг. Энэ нь Гүний хоолой гэж нэрлэгдэх гүнийн усны ордын 20 хувь гэдгийг уурхайн зүгээс мэдээллэсэн юм. Өдөрт хэрэглэсэн усныг дахин ашигладаг юм байна. Ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орохоос өмнө Ханбогд сумаас цэвэр усаа тээвэрлэдэг байсан бол өнөөдөр 140 метрийн гүнээс гаргасан хатуулагтай усыг зургаан удаа цэвэршүүлж, ахуйн хэрэглээнд ашигладаг болжээ. Түүнчлэн тус уурхайд дөрвөн тээврийн компани гэрээтэй ажилладаг. Нэг машин нь 40 тонн зэсийн баяжмал тээвэрлэх бөгөөд өдөрт ийм хэмжээний зэсийн бяжмал ачсан 100 орчим машин хятад руу тээвэрлэлт хийдэг аж.
Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 3000 мянган тонн зэсийн баяжмал хятадад экспортлодог.
Хилийн хувьд багагүй асуудал гардаг гэдгийг тээврийн жолооч нар хэлсэн. Учир нь Тавантолгой чиглэлээс ирсэн нүүрсний машинуудтай зэрэгцэж, боомтоор гардаг байна. Боомтын ачаалал ихтэй үед "Оюутолгой"-гоос ирсэн тээврийн хэрэгслийг түрүүлж нэвтрүүлэх, эсвэл өөр нэвтрэх хэсгээр зорчуулах зэргээр арга хэмжээ авдаг байна. Жолооч нар өглөө тээвэрлэлтэд явахдаа өглөөний цайгаа уучихаад өдөр хэрэглэх хүнсээ боож авч явдаг. Ингээд замдаа хүйтэн хоол идэж, хятадад очоод тэндээсээ хооллодог гэсэн. Энэ нь хол замд олон цагаар тээвэрлэлт хийсэн жолооч нарт хүндрэлтэй байдаг гэдгийг цөөнгүй жолооч учирласан юм.
Газрын гадаргаас 1300 метрийн гүнд “хот” сүндэрлүүлж буй уурхайчдын нэг өдрийг танилцуулахад ийм байна. “Оюутолгой”-н гэрээний эргэн тойронд өрнөж буй асуудлаас юу үнэн бэ гэвэл тэнд залуус ажиллаж байна. Тэнд залуус мэдлэг хуримтлуулж, эх орныхоо хөгжилд өөрсдийн хувиа нэмэрлэж байгаа нь чухам үнэн юм.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (11)