Хятадын Жэнжөү хотод “5G ухаалаг нийтийн тээвэр төсөл” энэ сарын 17-оос туршилтаар хэрэгжиж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, 5G технологийг ашиглан нийтийн тээвэрт жолоочгүй автобус ашиглахаар туршиж байгаа юм. Туршилтаар дөрвөн автомат удирдлагатай буюу жолоочгүй автобус гурван зогсоолын хооронд явах бөгөөд нийт замын урт нь 1.53 км аж. Түүнчлэн эдгээр автобус нь өөрөө хурдаа тохируулах, замын гэрэл, явган зорчигч, замын саад тотгорыг таних чадвартай юм байна. Мөн саад тотгорыг тойрох, гүйцэж түрүүлэх, буудалд зогсох болон яаралтай үед тооромслох зэрэг үйлдэл гүйцэтгэдэг байна.
Дашрамд дурдахад, жолоочгүй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлснээр зам тээврийн осол, зөрчил буурахаас гадна хүн хүч хэмнэх олон давуу талтай хэмээн албаныхан үзэж байгаа аж. Бээжин хотын захиргаа нийтийн тээврийг илүү ухаалаг, хүртээмжтэй болгох зорилтынхоо хүрээнд 2022 оноос жолоочгүй автобусыг замын хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөжээ.
CCTV.COM