Казахстан Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 6-р сарын 9-ний өдөр явагдах ба энэ нь улс төрийн амьдралын хувьд томоохон үйл явдал юм. Учир нь төрийн тэргүүн улсынхаа хөгжлийн чиг хандлагыг зааж, засгийн газарт даалгавар өгч, улс төрийн гадаад болон дотоод тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог билээ. Казахстан Улс бараг сүүлийн гучин жилийн турш анх удаа шинэ Ерөнхийлөгчөө сонгох юм.
Ирэх сонгууль тусгаар тогтносон Казахстаны түүхэн дэх хамгийн өрсөлдөөн ихтэй сонгууль болох гэж байна. Энэ удаа төрийн тэргүүний албан тушаалд долоон нэр дэвшигч бүртгүүлсэн. Тус хариуцлагатай албанд «Ак жол» намыг төлөөлж Дания Еспаева эмэгтэйчүүдээс анх удаа нэр дэвшлээ. Одоогийн нөхцөл байдлаар Казахстан, улс төрийн салбарт эрэгтэйчүүд давамгайлсан бүс нутагт тооцогддог хэдий ч олон жилийн турш жендэрийн тэгш байдлыг сайжруулах болон бизнес, улс төр дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх чиглэлээр бодит ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ. Хатагтай Еспаевагаас гадна, эмэгтэйчүүд Сенатын дарга, Ерөнхий сайдын орлогч мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын албан тушаалыг эрхэлж, Казахстаны Парламентын дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байгаа нь жендэрийн тэгш байдлын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүн хэмээн харж байна.
Энэхүү сонгуулийн явцын бас нэг онцлог гэвэл өрсөлдөх чадвар болон шударга байдлын тухай юм. Манай бүс нутагт сонгуулийн шударга болон нээлттэй байдлыг ханган ажилладаг ардчилсан институтийн идэвхтэй хөгжлийн ач тус гэдэг нь харагдаж байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олон улсын өндөр шаардлага, стандартад нийцсэн шударга сонгууль болно гэж амласан ба үүний хэд хэдэн бодит жишээг дурдаж болно. Төр засагт сүүлийн хорь гаруй жил сөрөг хүчний хоолой байсаар ирсэн Амиржан Косановын нэр дэвшихээр болсныг энд дурдъя. Косанов болон бусад бүх нэр дэвшигчид өөрийн сонгуулийн компанит ажлаа явуулж байна.
Өмнөх сонгуулиудын үеэр Казахстан ямагт сонгуулийн ажиглагчдад нээлттэй байж, тэдний саналыг сонссоор ирсэн. Энэ удаа ч гэсэн манай улсад ажиллах олон улсын 10 байгууллага болон гадаад орнуудаас ирэх 1000 гаруй олон улсын ажиглагчдыг хүлээж авахаар төлөвлөж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүний эрх ба Ардчилсан институт, Тусгаар тогтносон Улсуудын Нөхөрлөл болон бусад олон тооны байгууллагуудын төлөөлөгчдийг Казахстаны Засгийн газар албан ёсоор урьсан бөгөөд улс даяар тэдгээр байгууллагуудын төлөөлөл үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.
Ирэх сонгууль зөвхөн Казахстанд төдийгүй манай хөрш болон бүх түнш улсуудад чухал үйл хэрэг мөн. Сирийн мөргөлдөөнийг зохицуулах зэрэг дэлхийг хамарсан чухал асуудлуудыг шийдэхэд Казахстан идэвхтэй оролцож байгааг бид бүгдээрээ мэдэх билээ. Эдийн засгийн хувьд манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах тал дээр бодит арга хэмжээ авч, Казахстаныг бүс нутгийн хөрөнгө оруулалт татах номер нэг улс болгож байна.
Энэхүү улс төрийн үйл явдал Казахстан, Монгол Улс хоорондын хоёр талын харилцааны хөгжилд өөрийн гэсэн нөлөөтэй. Учир нь Казахстаны шинэ улс төрийн лидертэй яриа хэлэлцээрийг идэвхжүүлэх нь харилцан ашигтай харилцаа холбооны хөгжлийн эхлэл болох билээ.
Сонгуулийн үр дүн 6-р сарын 16-ны өдөр албан ёсоор зарлагдана. Түүнчлэн үүний дараа Казахстан, Монгол Улс хоорондын нягт харилцаа-холбоог хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажлууд хийгдэнэ. Миний бие манай хоер улсын ирээдүй болон хамтын ажиллагаанд итгэл төгс байна.