“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од Фелисити Хаффман авлигын хэрэгт холбогджээ. Тэрбээр 2017 онд хүүхдээ их сургуульд авлигаар элсүүлснийг тогтоож, улмаар зохих ял шийтгэл оноох шийдвэрийг АНУ-ын Бостон хотын шүүхээс гаргажээ.
Түүнийг том охиныхоо элсэлтийн шалгалтын оноог нууцаар засуулахад 15 мянган ам.доллар төлсөн гэмт үйлдэлд дөрвөн сар шоронд хорих, 20 мянган ам.долларын торгууль төлүүлэх шийтгэл оноосон байна. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-д нэр хүндтэй их сургуулиудад элсүүлэхэд зуучилдаг авлигын нууц схем илрэх үеэр уг хэрэг илчлэгдсэн юм.
Йел, Жоржтаун, Стэнфордын зэрэг нэр хүндтэй их сургуулиудад чинээлэг эцэг, эхчүүдээс авлига авч хүүхдийг нь элсүүлдэг байсан Сангийн тэргүүн Уилльям Сингер өнгөрсөн гуравдугаар сард баривчлагдаж, хуулийнхантай хамтарч ажиллахыг зөвшөөрснөөр хэргүүд илэрч эхэлсэн юм.
Жүжигчин эмэгтэйн хоригдох хугацаа ирэх есдүгээр сарын 13-нд эхлэхээр болжээ.
Өнгөрсөн сард Нэтфликс компани Хаффманы тоглосон “Otherhood” киноны нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Уг нь энэхүү бүтээл дөрөвдүгээр сарын 26-нд Нэтфликсийн сүлжээгээр цацагдаж эхлэх байв.
Үүнээс өмнө нь Холливүдийн өөр нэг жүжигчин Лори Лафлин нөхрийн хамт хоёр охиноо Өмнөд Калифорнийн их сургуульд элсүүлэхийн тулд 500 мянган ам.доллар төлсөн нь илэрсэн. Тэд охидоо спортын багийн гишүүн болгон хуурамчаар бүртгүүлж, тусгай нөхцлөөр сургуульд элсүүлэх арга заль хэрэглэхдээ мөн Уилльям Сингерийн сангаар зуучлуулж байсан юм.
Эх сурвалж: BBC