“Facebook” компани Калифорни муж улсын шүүхэд гомдол гаргаж, Өмнөд Солонгосын фирмийг олон нийтийн сүлжээний дүрэм журмыг дагаж мөрдөөгүйд буруутгасан байна. Өмнөд Солонгосын “Rankwave” мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг фирм нь зар сурталчилгаа болон маркетингийн дата мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг компани.
“Facebook” компанийн зүгээс Өмнөд Солонгосын фирмийн хөгжүүлэгчид нь олон нийтийн сүлжээ платформын мэдээллийг ашиглахдаа компанийн, дүрэм журмыг дагаж мөрдөж буй эсэхэд хяналт тавихад хамтарч ажиллаагүй гэж буруутгасан байна. Улмаар “Rankwave” фирмтэй холбоотой бүх аппликэйшн, хаягийг хоригложээ.
АНУ-ын Холбооны худалдааны зөвлөлөөс хэрэглэгчдийн дата мэдээлэл ашиглахтай холбогдсон дүрэм журмын улмаас “Facebook” компанийг 3-5 тэрбум ам.долларын торгохоор хэлэлцэж буй аж. АНУ-ын албаныхны мэдээлснээр 2011 онд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зүй бусаар ашигласан хэрэгт “Facebook” компанийн хэрэглэгчидтэй тохиролцож хаагдсан хэргийг өнгөрсөн онд дахин нээж, мөрдөн шалгаж эхэлжээ. Учир нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Cambridge Analytica” фирм “Facebook”-ийн олон сая хэрэглэгчийн мэдээллийг олж авсан хэрэг өнгөрсөн онд том дуулиан тарьсан билээ.
Эх сурвалж: Agence-France Presse