“Нэг бүс, нэг зам”-ын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёрдугаар чуулган өчигдөр Бээжин хотноо эхэллээ.
Энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд 40 орчим орны төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын Валютын сангийн тэргүүн, 150 гаруй улс, олон улсын 50 гаруй байгууллагын өндөр дээд албаныхан нийлсэн нийт 5000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Харин 2017 онд болсон анхны форумд 29 төрийн тэргүүн, 140 орчим улс, олон улсын 80 гаруй байгууллагын 1600 гаруй төлөөлөгч оролцож байжээ. "Ил тод байдлыг дээдлэн, хөгжил цэцэглэлтийн үр өгөөжийг хамтаар эдэлье" сэдэвтэй энэхүү форум нь агуулга, цар хүрээгээрээ 2017 оныхоос ихээхэн тэлсэн, дэлхийн олон нийтийн анхаарлын төв дэх арга хэмжээ болж байгаагаараа ихээхэн онцлог аж. Энэ үеэр практик хамтын ажиллагааны чиглэлээр анхаарал хандуулах 12 дэд форум болох юм байна. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд зориулсан бага хурлыг анх удаа форумын хүрээнд зохион байгуулахаар болжээ. Мөн уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна.