Япон Улсын шинэ эзэн хаан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийг ирэх сарын 25-аас 28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхийг албан ёсоор урьсан тухай Японы Засгийн газраас мэдээллээ.
Цагаан ордны тэргүүн айлчлалынхаа үеэр Японы шинэ эзэн хаан, хатан хаан хоёрт бараалхахын сацуу Ерөнхий сайд Шинзо Абэтэй яриа хэлэлцээ хийх аж. Ингэснээр Д.Трамп шинэ эзэн хаантай уулзах гадаадын анхны төрийн тэргүүн болох юм.
Цагаан ордноос мөн айлчлал болохыг баталж мэдэгдэл гаргасан бөгөөд мэдэгдэлд хоёр орны эрх баригчид Энэтхэг-Номхон далайн бүсийн аюулгүй байдал, олон улсын санхүү, эдийн засгийн асуудлаас гадна БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар тусгайлан хэлэлцээ хийнэ хэмээн тэмдэглэжээ. Д.Трамп айлчлалынхаа үеэр сумогийн тэмцээн үзэж сонирхоно гэсэн мэдээлэл мөн цацагдаад байна.
CCTV.COM