“Нэг бүс нэг зам” санаачилгын орнуудтай хийсэн БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний нийт эргэлт 2013-2018 оны хооронд хурдтай өсөж, зургаан их наяд ам.доллар давсан тухай тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ.
Энэ хугацаанд талуудын хоорондох худалдааны эргэлтийн жилийн дундаж өсөлт дөрвөн хувьтай байсан нь БНХАУ-ын мөн хугацаанд хийгдсэн гадаад худалдааны нийт өсөлтийн хувиас ч өндөр байгаа аж. Зөвхөн бараа бүтээгдэхүүний эргэлтийг нь тооцвол БНХАУ-ын “Нэг бүс нэг зам”-ын орнуудтай хийсэн харилцан худалдааны ашиг орлого тус улсын жилийн нийт худалдааны 27.4 хувийг эзэлж байна.
Сүүлийн таван жилд буюу 2013 оноос хойш БНХАУ-ын пүүс компаниуд дээрх санаачилгад нэгдсэн орнуудад 90 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Харин хөрөнгө оруулалтын өсөлт нь жилд дунджаар 5.2 хувь байгаа юм байна. Мөн хугацаанд батлагдсан “Нэг бүс нэг зам”-ын орнуудын хамтын ажиллагааны гэрээнүүд нийтдээ 600 тэрбум ам.долларын өртөгтэй бол дундаж өсөлт нь жилийн 11.9 хувь байна. Тэдгээрээс зөвхөн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсүүдийг хөгжүүлэхэд гэхэд л хэдийнээ 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй нь одоогоор 300 мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ.
“Нэг бүс нэг зам”-ын орнуудын дээд хэмжээний хоёрдугаар чуулган энэ сарын 25-27-ны өдрүүдэд Бээжин хотод болох юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр форумын үеэр гол их хурлуудаас гадна 12 салбар хуралдаан болох аж.
CCTV.COM