Францын эрдэмтнээр удирдуулсан олон улсын судалгааны баг Филиппиний Лузон арлаас эртний хүний цоо шинэ төрөл зүйл олж илрүүлжээ. Тэд энэ талаар “Байгаль” хэмээх сэтгүүлд мэдээлсэн байна.
Эртний хүний цоо шинэ төрлийг “Лузон хүн” хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү шинэ олдвороос хүн төрөлхтний дээд өвөг одоогийн Зүүн өмнөд Азийн бүс нутагт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хөгжиж ирснийг харж болох юм байна.
Судалгааны багийнхан 2007, 2011 болон 2015 онд хийсэн хайгуулаараа Филиппиний хойд хэсэгт орших Лузон арлын агуйгаас хүний араг яс, чулуужсан эрүү шүдний үлдэгдэл зэргийг олж илрүүлжээ. Түүнчлэн чулуужмалд дүн шинжилгээ хийхэд хоёр дээж нь хамгийн багадаа 50 мянга болон 67 мянган жилийн тэртээх үед хамаарах магадлалтай аж.
Судлаачид “Лузон хүн”-ий ясны чулуужмал нь бусад эртний хүнийхээс ялгаатай, “холимог” шинж чанартай гэж үзэж байна. Тухайлбал, араа нь маш жижиг, хомо сапиенс хүнийхтэй төстэй боловч бүх шүдийг нь шинжихэд том, жижиг янз бүр байжээ. Харин шүд болон арааны харьцаа нь “Өмнөдийн бич” эсвэл хомо эректусийнхтэй (босоо хүн) төстэй, хөлийн хурууны яс нь ч мөн “Өмнөдийн бич”-ийнх шиг гэнэ. Мөн хөл, гарын хурууны яс нь ихэд эв хавгүй байгаа нь “Лузон хүн” модонд авирахдаа гарамгай байсныг харуулж байгаа аж.
CCTV.COM