Францын алдарт Парисын дарь эхийн сүм /Ностра Дам/-д өчигдөр орой орон нутгийн цагаар 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагийн орчимд гал гарчээ. Үүний улмаас 850 жилийн түүхтэй алдарт сүмийн дээврийн хэсэг бүрэн шатаад байна. Гал сөнөөгчид соёлын үнэт өв болох тус барилгыг авч үлдэхийн төлөө ажилласан ч дээврийн хэсэг нь ийн шатсан байна. Харин сүмийн барилгын үндсэн хэсгийг галаас хамгаалж авч үлдэж чаджээ. Учирсан хохирлын талаар одоогоор мэдээлээгүй байна.
Парисын дарь эхийн сүмийг 1163 онд Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм барих гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжсэнээр бүтээсэн билээ. Энэ санааг дэмжсэнээр ромчуудын эзэгнэлийн үед байгуулсан Бархасбадь сүмийн буурин дээр энэхүү сүмийг босгожээ. Энэ газрыг эртнээс ариун гэж шүтэж хожим нь Христос бурхны сүм барьж эхэлжээ. Сүмийг барих ажил хотын дорнод хэсгээс баруун тийш бараг нэг зуун жил үргэлжилжээ.
Сүмийн баруун талд байгаа 11 гишгүүр бүхий өргөн шатаар өгсөж цаашлах тусмаа улам нарийссаар гол ёслолын хаалганд хурнэ. Тус бүр нь шовх хэлбэртэй ёслолын хаалга нийтдээ гурав байв. Хаалганы хоёр талд саарал чулуугаар сийлсэн, гүн бодолд дарагдсан сахиусан тэнгэрийн дөрвөн баримлыг тавцан дээр байрлуулсан байдаг. Гурван гол ёслолын хаалга нь цул баганууд дээр суурилуулсан чулуун шүхрээр хоорондоо холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Чулуун шүхэр дор Христос бурхны амьдралын түүхийг зохиогч, халхгар хувцас өмссөн дөрвөн найдангийн баримал байна.
Гол хаалганы дээр сүмийн байшингийн нүүрэн тал дагуу тус бүрийнх нь дотор эрэгтэй хүний баримал байрлуулсан 28 нүх бүхий шүдтэй хөвөө байна. Есүс Христосын өвөг дээдэс болох библийн судрын энэхүү 28 алдарт хаадын баримал тус бүр нь Францын хаадын бодит дүр ажээ. Хаадын баримлуудын дээр өндөр нарийхан цонхууд байх хийгээд тэдгээрийн төвд бараг 13 метр голчтой гол том цонх бий. өнгөт чамин жижиг цонхуудаас бурдэх энэхүү гол цонх нь "Сарнай" нэртэй ба түүний яг голд нь Дарь эхийн дүрс түүний эргэн тойронд дугуй медалиуд дотор ариун онгон шутээнүүдийн дүрс байна. Цонхнуудын дээд талд нарийхан баганууд дээр сиймхий хана бухий давхар байх ба доороос нь харахад чулуун чамин сүлжээсэн хөвөөн дээр сийлсэн нисдэг хулганын далавчтай, могой толгойтой, хун шувуун хүзүүтэй хачин жигтэй амьтдын дүрсүүд шиг үзэгддэг. Эдгээр дүрсийг хүний бүх нүглийн илэрхийлэл гэж үздэг.
Энэхүү давхар нь нүсэр ба агаарт хий дүүжлэгдсэн мэт харагдах хавтгай дээврийг тулсан хоёр баганыг холбосон байна. Сүмийн хонх нь харуулын цамхгийн үүргийг гүйцэтгэж байжээ. Хот руу дайсан ойртохыг харангуут хонхыг цохиж Парисчуудад аюул нүүрлэснийг мэдэгддэг байжээ. Сүмийн нүүрэн тал нь ёслолын хаалга, цонх, давхар, баганууд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Сүмийн доторхи чимэглэл нь өндөр чамин чулуун багана, шовх гулдан хаалганууд бөгөөд бүх зүйл тэнгэр өөд тэмүүлсэн босоо чиглэлтэй ажээ. Тугалган хавтас бүхий хоргонуудын хүрээ дотор өнгөт шил суулгажээ. Өнгөт шилийг нэвтлэн тусах нарны гэрэлд гантиг, мөнгө, тосоор урласан зогсоо, өвдөглөн суусан, морь унасан эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд, хаад, лам нар, дайчдын баримлууд өнгө солонгорон хараа булаана. Дарь эхийн сүм нь хэмжээ нь өөр өөр ч өндөр нь адилхан 35 метр таван танхимаас бүрдэнэ. Гол танхим дотор мөн адил өндөртэй өөр нэг танхим байх ба хөндлөн өөр хоёр танхим залгаж нийтдээ Есүс Христосын цовдлуулсан хэрээсийг санагдуулдаг билээ. Парисын Дарь эхийн сүм нь жилд 13 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна.
С.Сүлд