Олон Улсын Валютын Сан(ОУВС)-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн (ӨСХ) явц ямар байна вэ. Хөтөлбөрийн VI үнэлгээний үр дүн ямар дүр зурагтай гарч байгаа вэ?
- ӨСХ гурван жилийн хугацаатайгаар батлагдсан. Одоо бид хэрэгжилтийнхээ сүүлийн хагаст орж байна гэсэн үг.
Хөтөлбөр хэрэгжсэн эхний хагаст үр дүн маш сайн байсан. 2016 онд эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьтай тэнцсэн гээд олон улсын түвшинд нэлээд таагүй үзүүлэлттэй байсан. Гадаад валютын нөөц шавхагдаж байсан тэр үетэй харьцуулбал нөхцөл байдал эрс сайжирсан. Эдийн засгийн өсөлт 7% руу дөхөж очлоо. Гадаад валютын нөөц гурван тэрбум ам.доллар давсан. Засгийн газрын өрийн түвшин өндөр хэвээр байгаа ч буурах хандлагатай болсон. Энэ бүхэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн зөв бодлогын үр дүн байв. Монголбанк ч бодлогын зөв арга хэмжээнүүд авсан.
Одоо хамгийн гол үлдэж байгаа зүйл нь санхүүгийн салбарыг бэхжүүлэх ажил. Монголбанкны зүгээс арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө хангалттай түвшинд хүргэхэд илүү их анхаарч ажиллаж байна.
- Арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд Монголбанкнаас “Капитал” банктай холбоотой шийдвэр гаргалаа гэж ойлгож байна. Төв банкны авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОУВС ямар байр суурьтай байна вэ?
-Санхүүгийн салбар бол эдийн засгийг дэмжиж байх ёстой маш чухал салбарын нэг.
Энэ салбарыг бэхжүүлэх нь ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гол цөм байсан. Арилжааны банкууд зөв зохистой хяналт шалгалттай, хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, эдийн засгийг дэмжих шаардлагатай зээлийн эх үүсвэрийг зах зээлд нийлүүлэх чадвартай, жижиг, дунд, шинээр үүсэж байгаа болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмждэг, зүйд нийцэх хэмжээний зээлийн хүүтэй байх ёстой.
Өмнө нь арилжааны банкууд бараг зээл гаргахгүй, Засгийн газрын 18%-ийн хүүтэй үнэт цаасыг худалдаж авчихаад хий ашиг хийгээд сууж байсан бол Монголбанкны зүгээс тодорхой шаардлага тавьж эхэлсэн. Активын чанарын үнэлгээ (АЧҮ) гэдэг бол санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх цогц хөтөлбөрийн эхний алхам байсан. Хүн ямар нэгэн өвчин туслаа гэхэд нөхцөл байдал ямар байна вэ гэж эмчээр үзлэг шинжилгээ хийлгэдэг шиг банкуудад үнэлгээ хийгдсэн. Түүн дээр үндэслээд дараагийн алхмууд хийгдэж байсан.
АЧҮ-ээр ихэнх банк хангалттай хэмжээнд өөрийн хөрөнгөтэй болох шаардлагатай гэдэг нь тодорхой гарсан. Ганц хоёр банк өөрийн хөрөнгийн дутагдалтай нь ил болсон.
Тэрхүү үр дүнд үндэслээд системийн ач холбогдолгүй, жижиг банкуудыг хэрэв тогтоосон хугацаанд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол татан буулгана гэдэг шийдвэрийг Монголбанк хуулийнхаа дагуу тодорхой болгоод мэдэгдсэн.
Системийн ач холбогдолтой банкуудын хувьд төрөөс арай өөр байдлаар оролцох шаардлагатай болсон. Харин энэ долоо хоногт нэг банкийг татан буулгах шийдвэр гарсан. Банкууд Монголбанкнаас тогтоосон зохистой байдлын үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг. Харин “Капитал” банкны хувьд нэлээд удаан хугацаанд зохистой харьцаануудыг хангалгүй ажиллаж ирснээс гадна хангах боломж гаргасан хугацаанд нь шаардлагыг хангаж чадаагүй учраас ийм шийдвэр гаргасан байгаа.
- Энэ шийдвэр банкны системд сөргөөр нөлөөлөх үү?
- Энэ шийдвэр гарснаар Монголын банк санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөрөг үр дагавар гарахгүй. Яагаад гэвэл системийн ач холбогдолтой биш, жижиг банк байгаа.
Монголбанкны гаргасан шийдвэрийг бид зөв зохистой шийдвэр гэж үзэж байна. Ингэснээр хуулиар тогтоосон бүх журам зааврыг чанд мөрдөж ажиллах ёстой гэдэг мессежийг бусад арилжааны банканд өгч чадсан байх гэж бодож байна. Энэ бол зайлшгүй хийх ёстой алхам байсан.
- Монголбанк энэ талаарх мэдээллийг олон нийтэд хэр оновчтой хүргэж чадсан бэ?
-Үйл явц хууль журмын дагуу, энгийн явагдаж байна. Зах зээлд ямар нэгэн үймээн самуун дэгдээгүй. 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж даатгагдсан учраас төлбөр төлөгч банкаар дамжаад хохирол нь барагдаад явна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай ч аль болох ойрын үед энэ ажлыг гүйцэтгэхийг зорьж байгаа.
Хадгаламжийн Даатгалын Корпораци гээд яг энэ зорилгоор байгуулсан сангийн үйл ажиллагааг хариуцсан байгууллага бий. Энэ байгууллага маань хийх ёстой зүйлээ зохих журмын дагуу хийгээд явж байна. Бусад банкны хувьд хадгаламжаа татах ч юм уу ямар нэгэн сөрөг үр дагавар ажиглагдахгүй байна.
- 2019 онд болоод цаашид Монгол Улсын эдийн засгийг хэрхэн төсөөлж байна вэ?
- 2019 оны эдийн засгийн төлөв байдал эерэг, 6.3%-аар өснө гэсэн тооцоо байгаа.
Хэрэв зэсийн экспорт илүү сайжирвал үүнээс давж өсөх магадлалтай. Засгийн газрын зүгээс ажлаа маш сайн хийж байгаа.
Хоёр жилийн өмнө ДНБ-ий 17 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байсан бол өнгөрсөн жил бага хэмжээний ашигтай гарсан. Энэ бол ОУВС-ийн гишүүн орнуудын түүхэнд гарч байсан маш том ахиц. Энэ оных ч гэсэн маш сайн төсөв батлагдсан.
Монголбанкны хувьд эдийн засагт ажиглагдаж эхэлсэн хэт халалтыг хяналтандаа оруулах чиглэлээр зөв алхам хийж эхэлсэн. Зээлийн өсөлт, импортын хэрэглээ өндөр байсныг хязгаарлахын тулд макро зохистой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь хэт халалтаас сэргийлэх арга хэмжээ болж байна.
Банкны салбарт хийхээр хүлээгдэж байгаа дахин хөрөнгөжүүлэх үйл явц хэрэгжиж дууссанаар хөтөлбөрийн дараагийн үнэлгээ хийгдэх боломж бүрдэнэ. Үнэлгээ хийгдэж дууссанаар хандивлагч орнуудаас орж ирэх санхүүгийн дэмжлэг үргэлжлээд орж ирэх учиртай.
Дараа жил УИХ-ын сонгууль болно. Тэгэхээр энэ оны арваннэгдүгээр сард өргөн баригдах төсөв маш чухал төсөв байх юм. Засгийн газар, шийдвэр гаргагчид бодлогын тогтвортой байдлаа хадгалах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн учраас ямар нэгэн ухарсан алхам гаргахгүй болов уу гэж хүлээж байгаа.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, 2021-2022 онд үйлдвэрлэлээ эхлүүлбэл Монгол Улсын төсөвт маш их хэмжээний орлого хуримтлагдаж эхэлнэ. Тиймээс тэр бүх орлогыг сайн хуримтлуулж, зөв зохистой зарцуулахад анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Одоо хэрэгжүүлж байгаа бодлогынхоо зөв голдирлоос халихгүй байж чадвал урт хугацаандаа Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал маш нааштай байгаа.
Р.Оюунцэцэг, iKon.mn
Сэтгэгдэл (2)