Ромын пап Франсис пүрэв гарагт Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кайир, эсэргүүцэгч хүчний тэргүүн Рик Мачар нартай уулзахдаа тэдний хөлийг үнсэж, дахин иргэний дайн дэгдээхгүй байхыг хүсчээ.
Тэрээр "Би ахан дүүсийн хувиар та бүхнээс эх тайвныг сахиулахыг хүсэж байна. Бидэнд урагш алхах боломж олгохыг бүх зүрх сэтгэлээрээ гуйж байна. Хэдийгээр олон бэрхшээлтэй асуудал байгаа ч тэдгээр нь дайн өдөөх шалтаг болох ёсгүй. Асуудлаа шийдвэрлэнэ үү. Та нарын дунд тэмцэл, зөрчилдөөн байхыг үгүйсгэхгүй. Гэвч тэдгээрийг албан өрөөндөө л ярьж шийдвэрлэ. Ард иргэдийн өмнө нэгдмэл байх хэрэгтэй. Учир та бүхэн ард түмнийхээ хувьд эцэг нь шүү дээ" хэмээн пап лам ярьжээ.
Архаг хөлний өвчнөөсөө болж байнга зовиурладаг Ромын пап (одоо 82 настай) хүнээр түшүүлэн Ерөнхийлөгч Салва Кайир болон уулзалтад оролцсон сөрөг хүчний хоёр удирдагчийг өлмийг үнссэн нь Өмнөд Суданы удирдагчийг нэлээд балмагдуулсан байна.
Газрын тосоор баялаг Өмнөд Судан нь 2011 онд Суданаас салж, тусгаар тогтнолоо зарласан билээ. Гэвч хоёр жилийн дараа тус улсад иргэний дайн дэгдэж, уг хямралын улмаас 400 мянган хүн амиа алдаж, дөрвөн сая гаруй хүн эх орноосоо дүрвэжээ. Харин өнгөрсөн пүрэв гарагт хөрш Судан улсад төрийн эргэлт гарсан бөгөөд энэ нь Өмнөд Суданы таван жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгавар болгох энхийн хэлэлцээрийг тасалдуулж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.
Сэтгэгдэл (2)