Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон.
Уг хөтөлбөр таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Энэ онд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлнэ. Нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон байна.
Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хувиар бууруулах тооцоог хийсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 199 шүдний эмнэлэг хангаж ажиллах юм байна. Судалгаагаар нэг хүүхдийн найман шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгсэн Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96 хувь, 12 насанд 65,3 байгаа бол 18 насанд 67,5 хувь болж өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, 2012 онд 18 хүртэлх насны 976.941 хүүхдийн 83,6 хувьд нь үзлэг хийхэд тэдгээрийн 91 хувь нь шүд цоорох өвчтэй байсан.
Нэг хүүхдийн 6-8 шүд нь ямар нэгэн асуудалтай байна. Энэ асуудлыг анхаарлын гадна орхигдуулбал хүн амын нэг үеийн эрүүл мэнд нь эрсдэлд орно.
Тиймээс хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр бууруулахыг зорьж байна.
Улсын хэмжээнд 725.600 гаруй 2-12 насны хүүхдийн шүдний өвчлөлийг улсын төсвөөр санхүүжүүлж, бүрэн эмчлэх зорилт тавьж байна. Хоёрдахь том зорилго нь амны хөндийн эрүүл мэндийн дадал, хэвшлийг хүүхдүүд болон олон нийт гээд хүргэнэ" гэлээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (23)