БНСУ-ын томоохон группийн өв залгамжлагчид хар тамхины хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, "SK", "Hyundai" группыг үүсгэн байгуулагчдын ач нар хар тамхи хэрэглэдэг нь тогтоогджээ.
Энэ сарын 1-ний өдөр Инчеон хотын цагдаагийн газар "SK" группын үөв залгамжлагч Чэй Жон Гуныг хар тамхины төрлийн өвс худалдан авч хэрэглэсэн үндэслэлээр саатуулахад 31 настай тэрбээр хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр Ли гэгчээс нийтдээ 15 удаа шингэрүүлсэн марихуана худалдан авахад долоон сая вон зарцуулсан байна.
Хар тамхи худалдаж авахдаа телеграм мессенжэрээр холбогдож, төлбөрөө шилжүүлсний дараа шуудангаар бараагаа хүлээн авдаг байснаа мөн мэдүүлжээ.
Хар тамхины наймаачин Лиг баривчлан шалгаж эхэлсний дараа түүний үйлчлүүлэгчид дотор Чэй болон "Hyundai" группын үүсгэн байгуулагчийн ач хүү, 28 настай Чун Жу Юн байсан нь тогтоогджээ.
Тэднээс гадна өөр хэд хэдэн группийн эздийн үр хүүхдүүд байгааг тогтоож, шалгаж эхэлснээ цагдаагийн газар мэдээлжээ.
Өмнөд Солонгосын үндэсний хэмжээний томоохон компаниуд цөөн тооны хөрөнгөтөн гэр бүлүүдийн өмчлөлд байдаг бөгөөд ийм гэр бүлүүдийг чаебол хэмээн нэрлэдэг юм байна.