Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэх үедээ “Эрдэнэс Тавантолгой компани ногдол ашиг тараах ажил нэг алхам урагшиллаа” гэж мэдэгдсэн юм. Тус компани нь 2018 онд 801.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдсэн тухайгаа үүнээс өмнө мэдэгдэж байсан ч нэгж хувьцаанд хэдэн төгрөг олгохоо хараахан мэдэгдээгүй юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулга тавьсны хариуг өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хүргүүлжээ.
С.Бямбацогт гишүүний таван асуултад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталсан тухай дурдсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уг шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26800 төгрөгийн ногдол ашиг хүртэх юм байна. Үүнээс 10 хувийн татвараа хасч тооцвол иргэдэд 24120 төгрөг олгоно. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэн Үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол данс нээлгэх дунджаар 5000 төгрөг хасагдана гэж үзвэл 19120 төгрөг хүртэх нь ээ.
Гэхдээ энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Засгийн газраас олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй байна.
Учир нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашгийг хэзээ тараахыг эцэслэн шийдэх ёстой.
Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч талууд буюу төр, иргэн, компанийн зүгээс уг хурлыг одоогоор хараахан зохион байгуулаагүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар тодорхой нэг шийдэлд хүрч байж дээрх ногдол ашиг иргэдийн гарт хүрнэ гэсэн үг юм.
Г.Нацаг
Сэтгэгдэл (29)