Ази, Дорно дахины соёл иргэншлийн их чуулган ирэх тавдугаар сард Бээжин хотод болох тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
Хятадын эрх баригчдын 2015 онд анхлан санаачилсан уг чуулган Азийн улс орнуудын залуу үеийнхний нөхөрлөлийг бэхжүүлэх, олон улсын урлаг соёлын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой аж. Энэ удаагийн чуулган дорнын улс үндэстнүүдийн баялаг түүх соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, бүс нутгийн эв нэгдлийг сахин хамгаалахад чиглэх тухай зохион байгуулагчид онцолжээ.
Чуулганы хүрээнд дорно дахины соёлын наадам, ази хоолны үзэсгэлэн яармаг зэрэг олон үйл ажиллагаа, хэд хэдэн салбар хуралдаан болох юм байна. Мөн Азийн орнуудын төр засгийн удирдагчдаас гадна олон улсын байгууллагынхан, бусад бүс нутгийн хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн, судлаачид оролцохоор болжээ.